Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авах болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр өнгөрөгч аравдугаар сарын 4-ний орой саатуулсан байдаг. Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан үндэслэлээр түүнийг 2018 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн гэдгийг тухайн үед Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээлж байсан юм.
Тэгвэл Г.Бум-Эрдэнэд холбогдох “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хамран сургах тойргийн бус хүүхдийг сургуульдаа элсүүлэн авч бусдаас хахууль авсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн АТГ-аас “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг авлигын хэргээр аравдугаар сард саатуулсан. Түүнийг Эрүүгийн хэргийн 22.4-т зааснаар бусдаас хээл хахууль авсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж 48 цаг саатуулсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн батлан даалтад гаргаад байсан юм. Түүнд холбогдох хэргийг мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ.