ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БСШУС-ын сайд болон ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан. Үүнтэй холбогдуулан Я.Содбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд хүлээн авсан. Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газар танхимын зарчмаар ажиллана”, “Засгийн газар, шийдвэр, мэдээлэл гаргах, албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон гэж ЗГХЭГ-ын дарга хэллээ.
ЖДҮХС-гаас хөнгөлттэй зээл авсан асуудалд нэр холбогдсон Засгийн газрын бусад гишүүдэд хариуцлага тооцох эсэхийг сэтгүүлч нар тодруулахад, “Бусад сайд нар өөрийн хамаарал бүхий компани зээл аваагүй гэдгийг албан ёсоор тайлбарласан. Надтай холбоотой асуудал хүртэл яригдсан. Тиймээс миний бие уг асуудлыг нарийвчлан шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад хандсан” гэлээ.