АН-ын удирдлагууд өнөөдөр (2018.12.03) гурван гишүүндээ хариуцлага тооцсон тухайгаа мэдэгдсэн. Харин уг мэдэгдлийн дараа намаасаа хасагдсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон намаасаа нэр дэвших эрхгүй болсон УИХ-ын гишүүн Л.Болд нарын байр суурийг сонслоо. УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын удирдлагуудаас гаргасан шийдвэрийг ойлгохгүй байгаа гэсэн байр суурийг илэрхийлж, цаашид 40 гишүүний бойкот үргэлжилнэ гэдгийг хэллээ. Мөн энэ өдрөөс эхлэн УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээс гарч, тус бүлэг тарж байгааг мэдэгдэв.
Засгийн газрыг авч үлдэх кнопыг сонгосон гишүүдийн хэлснээр намынх нь удирдлагууд МАНАН-гийн халаасанд орсон бөгөөд харин өөрсдөө ямар ч тохироонд ороогүй гэсэн тайлбарыг өглөө.
-Та бүхэн намынхаа их хурлаар дүрмээ батлалцсан гишүүд. Тэгэхээр энэ хариуцлагын асуудлыг урьдчилан мэдэж байсан уу?
УИХ-ын гишүүн Л.Болд: Тэр дүрмийг нууцаар батласан юм. Хурлаас хойш дахин өөрчлөлтүүд орсон гэсэн. Дүрмийн бус өөрчлөлтүүд орсон гэсэн. Одоо АН-ын дүрэм чинь хаалттай, ойлгомжгүй дүрэм болчихоод байгаа. Ингээд л энэ бүх будлиан үүсчихээд байгаа юм. Гишүүдийн эрхэнд халддаг дүрэм байсан бол бид тэр дүрмийг эсэргүүцэх байсан юм.
-Тэгэхээр өнөөдөр хариуцлага тооцсон гэж мэдэгдэж байгаа дүрмийн заалтуудыг Та бүхэн мэдээгүй гэж үү?
-Тийм дүрмийн заалт байхгүй. Хэдэн тоонууд л байгаа болохоос тийм дүрмийн заалт байхгүй. Ийм дүрмийн заалт орж ирсэн бол бид өөрчилнө.
-Хэрэв хэзээ нэгэн цагт Богд банкаар ипотекийн зээл гараад эхлэх юм бол Л.Болд гишүүнийг тохироо хийсэн гэж ойлгож болох уу?
УИХ-ын гишүүн Л.Болд: Би хэзээ ч тийм юм зөвшөөрөхгүй. Тэр зээлийг гаргуулах ч үгүй.
-Ж.Батзандан гишүүний ах ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан. Одоо Ерөнхий сайдын зөвлөх болсон. Засгийн газрыг авч үлдэх таны кнопонд ямар нэгэн нөлөө орсон гэж хардаж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: С.Эрдэнэ дарга нүүрсний бизнес хийдэг эхнэртэй гэж бас хэлсэн юм шиг байна. Тэр эхнэрээ хайж байна. Хаана байна вэ? Тийм эхнэр байгаа бол С.Эрдэнэ дарга олж өгөхөд туслаач гэж би гуйж байна. Уг нь би нэг л эхнэртэй, миний эхнэр эмч хүн. Ахынхаа төлөө Ж.Батзандан ийм үйлдэл хийсэн гэж байна. Би 10 ахтай хүн. У.Хүрэлсүхийн Засгийн газар луу 30 гэр бүл олигархиуд, МАНАН-гийнхан довтолж байхад Монголын эрх ашгийн талд би зогссон. Түүнээс биш ахынхаа талд зогссон юм биш. Үүнийг зөвөөр ойлгоорой. Намын улс төрийн хууль бус шийдвэрт захирагдах үүрэг бидэнд байхгүй. Миний ах Ерөнхий сайдад зөвлөгөө өгч байна, миний эгч Дэлхийн банкинд зөвлөгөө өгч байна. Дэлхийн банкны захиалга байж мэднэ гэж ч хардаж магадгүй. Тэгвэл Ж.Батзандан гэдэг хувь хүний тархи, зүрх хоёр Монголын төлөө юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: Бидэнд эрх ашгийн зөрчил байхгүй гэдгийг 100 баталгаатай хэлж чадна. Хэрэв бид Засгийн газрыг унагаах шийдвэр гаргасан бол харин ч эрх ашгийн зөрчил гарах байсан. Бидэнд бүх талын дарамтыг үзүүлж байсан. Дээрээс нь бидэнд амлаж болох бүх юмыг амлаж байсан. Мөн бидний ойр дотныхныг ажилладаг бүх салбараар нь хүснэгт зурж байгаад дарамтыг үзүүлсэн. Гэхдээ бид тас эсэргүүцэн шийдвэр гаргасан. Ж.Батзандангийн ах эгч, эхнэр нь тэнд энд ажилладаг гээд, тэр бүгдийг бид давж гарч чадна. Намайг банктай холбогдуулж бонд авсан уу гэнэ, тийм юм юу ч байхгүй. Энэ бүгдийг цаашид нэг бүрчлэн тайлагнаж, шилэн нөхцөл байдлаар ажиллана.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: МАНАН-гийн халаасанд орсон АН-ын дарга С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй МАНАН-гийн толгойлогчдыг АН-ын удирдлагаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. С.Эрдэнэ АН шинэчлэгдсэн гэж худлаа ярьж байсан юм байна гэдгийг өнгөрсөн долоо хоногт харлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд: Бид хоёр яг адилхан ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. Гэтэл намын бүлэг гэдэг хэрэгслээ авч үлдэхийн тулд Ж.Батзанданг намын бүлгээс хасаад, намайг үлдээж доромжилж байна. Би АН-ын бүлгээс гарна. Гарах мэдэгдлээ одоо өгч байна. Гэхдээ намаасаа гарахгүй, би энэ намыг байгуулалцсан юм. Төрийн дээр, хуулийн дээр нам байж болохгүй.
Ийнхүү өнөөдрөөс эхлээд УИХ дахь АН-ын бүлэг тарж байгааг гишүүд хэвлэлээр дамжуулан албан ёсоор мэдэгдсэн юм. Гишүүдийн хэлж буйгаар Д.Эрдэнэбат АН-ын бүлгийг төлөөлөх эрхгүй болж байгаа юм байна. АН-ын бүлэг тарах процесс нь УИХ-ын дарга УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулсанаар албан ёсны болох аж.