Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И орон нутгийн цагаар 2018 оны арванхоёрдугаар сарын 1-нд хоёр орны тэргүүн нарын зөвшилцөлийн талаарх мэдэгдлийг Синьхуа агентлаг мэдээлжээ. Мэдээлэлд дурьдсанаар, БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн өдрийн орой урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай Буэнос Айрест оройн зоогт орж, уулзалт хийсэн байна. Хоёр төрийн тэргүүн найрсаг, илэн далангүй уур амьсгалд хоёр цаг хагас хэлэлцсэн нь товлосон хугацаанаас хол давсан аж.
Аргентины Буэнос Айрес хотноо арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Их хорийн удирдагчдын XIII дээд хэмжээний уулзалт болсон юм. Их хорийн уулзалтаар Ши Жиньпин 4 зүйл санаачилгыг дэвшүүлжээ. Тэрээр:
-Нэгт, нээлттэй хамтын ажиллагааг баримтлан, олон талт худалдааны механизмыг хамгаалах.
-Хоёрт, түншлэлийн үзэл санааг баримтлан, макро бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэх.
-Гуравт, инновацаар удирдамж болгон, эдийн засгийн өсөлтийг сэлбэх эрч хүчийг дайчлах.
-Дөрөвт, нийтэд хүртээмжтэй хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэн, дэлхийн багтаамжтай хөгжлийг ахиулах хэрэгтэй гээд, “Өндөр хөгжилтэй орнууд 2020 оноос эхлэн жил бүр 100 тэрбум ам.долларын хөрөнгө цуглуулж, хөгжиж буй орнуудад тэргүүний технологи шилжүүлэн, тэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чадвараа дээшлүүлэхэд нь тусална гэсэн амлалтаа биелүүлэх ёстой гэдгийг онцолсон байна.
Улмаар энэ сарын 1-ний өдөр болсон БНХАУ, АНУ-ын тэргүүн нарын уулзалтын үеэр хоёр талын эдийн засаг худалдааны асуудлаар хийсэн зөвшилцөл маш идэвхтэй бөгөөд бүтээлч болж, хоёр орны төрийн тэргүүнүүд гаалийн татвар шинээр нэмэхийг зогсоох нийтлэг ойлголтод хүрчээ. Талууд цаашид Хятад, Америкийн харилцаанд тодорхой хугацааны чиглэл тогтоосон байна.