1980-аад оны эхнээс 1990-ээд оны дунд үеийн хүмүүс өмнөх үеийнхнээ бодвол таргалалтад өртөх хандлага илүү гэж Британийн “Cancer Research UK” сайн үйлсийн байгууллагын явуулсан судалгаа харуулжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 1980-1990 оныхны 70 хувь нь 35-44 насандаа таргалалтад өртөх хандлагатай байна. Гэтэл 1945-1955 онд төрсөн 10 тутмын 5 нь л энэ насандаа илүүдэл жинтэй болж байжээ.
“Миллениалууд эрүүл хооллолтын хэв маягийг дагадаг гэдгээрээ алдартай. Гэхдээ тэнцвэртэй хооллолтоос хэтэрдэггүй. Тэдний жингээ барих хамгийн сайн арга бол жимс, ногоо, эслэг ихтэй хүнс ахиу хэрэглэж, хортой хоол хүнсний хэмжээгээ хязгаарлах юм” хэмээн судалгааг хийсэн профессор Линда Баул мэдэгджээ.
Үүнээс гадна илүүдэл жин нь хөх, гэдэс, бөөрний гэх мэт 13 төрлийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдгийг сануулсан байна.
Японы эрдэмтэд энэ сарын дундуур нэгэн судалгааг танилцуулсан. Тэд биеийн жингийн индекс, хоол идэх хурдын хоорондын хамаарлыг судалжээ. Судлаачдын үзсэнээр хоолыг хурдан иддэг хүмүүс таргалах хандлага илүү байдаг гэнэ.