Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа УИХ-ын чуулган дээр хэлсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын үг.
С.Бямбацогт: УИХ-ын Ёс зүйн дэд хороо хүний муу үзэх гээд хуралдах гээд байсан асуудал байхгүй. Харин энд ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хуульд заасан заалтуудыг зайлшгүй сануулах үүрэгтэй юм. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 8.2, Дэгийн тухай хууль, Ёс зүйн дүрмийн заалтуудыг л сануулчих юм сан гээд хоёр өдөр яваад чадсангүй.
Ёс зүйн хэм хэмжээний тодорхой заалтууд ч байдаг юм шүү. Тиймээс бие биедээ хүндэтгэлтэй хандаж, гутаан гүтгэсэн асуудал битгий гаргаасай. Эргээд уулзах улаан нүүртэй шүү гэдгээ бодож, бодлогын асуудал дээр илүү төвлөрч яриасай гэж хүсье.
Л.Энх-Амгалан чинь УИХ-ын гишүүн. Хууль санаачилсан асуудалтай нь холбогдуулаад, Дэд даргынхаа хувьд удирдах гэж байна. Үзэл бодлоо илэрхийлж болохгүй юм бол УИХ-ын гишүүн гэж байгаад яах юм бэ. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаас нь татгалзах ёсгүй.
Ашиг сонирхлын зөрлийн хууль
8 дугаар зүйл.Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах
8.1.Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
8.3.Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно.
8.4.Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана.
8.5.Дараах тохиолдолд албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно:
8.5.1.тухайн байгууллагын нэгж, эсхүл тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй, дээд шатны байгууллагаас өөр албан тушаалтан томилон ажиллуулах боломжгүй;
8.5.2.тухайн албан үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдах ба зөвхөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан албан тушаалтан энэ шаардлагыг хангаж байгаа.
8.6.Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
8.7.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан тушаалтны гаргасан энэ хуулийн 8.6-д заасан тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт үндэслэн энэ хуулийн 8.4-т заасны дагуу шийдвэр гаргах бөгөөд шийдвэр гаргаагүй бол ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд тооцно.
8.8.Албан тушаалтны энэ хуулийн 8.1-д заасан ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл болон энэ хуулийн 8.6-д заасан тайлбар нээлттэй байна.
УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн
Гурав. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээ
3.1.3.албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх;