Хаан ширээ залгамжилсан хүн түүхэнд сайн эсвэл муугаар нэрээ үлдээдэг. Харин хааны удмын бусад өрсөлдөгчдийн амьдралд юу тохиолддог бол. Харамсалтай нь тэдний төөрөг тавилан хаан ширээ залгамжилсан хамаатных нь сүүдэр дор дуусдаг гэхэд болно.
Яг энэ хувь заяаг Британийн хатан хаан II Елизаветагийн дүү, Маргарет гүнж давтжээ. Тансаг сайхан, гял цал амьдралд хэдий умбаж байсан ч “нөөц гүнж” үргэлж л ганцаардаж шаналдаг байв. Эгч дүү хоёр багадаа тун ойр дотно өссөн юм. Гэтэл нэг л өдөр тэдний авга ах VIII Эдуард нь хаан ширээгээ орхисноос болж, эцэг эх нь хаан ширээ залгамжлахад хүрчээ. Энэ цагаас хойш охидын амьдрал ч эрс өөрчлөгдсөн байна.
Ингээд эгч дүүсийн дунд ширүүн өрсөлдөөн эхлэв. Елизавета анхнаасаа хатан хаан болох нь тодорхой байсан болохоор түүнд Үндсэн хуульт хаант засаглалын бүтцийн талаар эцэс төгсгөлгүй хичээл орж эхэлжээ. Харин Маргаретад хийх ажил байсангүй. Гүнжийн хувьд хаан аав VI Жорж нас барсан нь жинхэнэ цохилт болов. Ээж нь гашуудлын хувцсаа өмсөн бүгдээс тусгаарлаж эхэлсэн бол эгч II Елизаветаг нь хааны үүрэг хариуцлага дарж орхижээ. Ингээд гүнж Маргарет өөрийгөө хэнд ч хэрэггүй, хаягдсан нэгэн мэт бодох болжээ.
Гүнжтэй холбоотой анхны дуулиан 1953 онд дэгдсэн юм. Зургадугаар сарын 2-нд II Елизаветаг хаан ширээнд залах ёслолын үеэр Маргарет ахмад Питер Таусендийн ёслолын хувцас дээрх үнсийг санамсаргүй гөвж өгчээ.
Хэвлэл мэдээллийнхэн энэ үйлдлийг янз бүрээр дүгнэж байв. Үнэн хэрэгтээ Маргарет, ахмад хоёрын харьцаа олон жил үргэлжлээд байж. Гүнж ч ахмадтай гэрлэх хүсэлтэй байсан боловч тэр нь өмнөх эхнэрээсээ салсан, хоёр хүүхэдтэй байв.
Тиймээс хааны удмын хүн гэр бүл салсан хүнтэй гэрлэж болохгүй гэсэн мэдэгдлээр эгч нь ч, хамба ламтан ч, парламент ч тэдний хайр дурлалыг эсэргүүцжээ. Хэрвээ тэрбээр ахмад Таусендтэй гэрлэвэл хааны гэр бүлийн онцгой эрх ямба, бүх насны тэтгэмжээсээ сална. Хоёр жилийн дараа Маргарет гүнж телевизээр эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, ахмадтай гэрлэхгүй байхаар шийдсэнээ зарлажээ.
Үүний дараа Маргарет дотроо хорсол тээж, хөгжил хөөртэй амьдралыг гол утга учраа болгохоор шийджээ. Тэрбээр ууж цэнгэн, зугаацаж явдаг болов. Мэдээж олон нийтийн газарт тэрбээр биеэ аль болох төлөв авч явна. Өдөр бүр хатан хааны үүрэг болгосны дагуу хүлээн авалтуудад оролцож, театрт очно. Харин орой нь заавал шөнийн клубээр хэснэ.
Маргарет тэсэхийн аргагүй зан араншинтай ч ямар ч газар түүнийг дуртайяа хүлээн авдаг байв. Тэр үнэхээр дур булаам нэгэн байсан юм. Цэвэрхэн цагаан арьс, нарийхан бэлхүүс, хөөрхөн уруул гээд л. Бас өмссөн хувцас бүрийг нь сэтгүүлүүдэд гаргаж, мода дагагчид түүнийг дууриадаг байв.
Гүнж тухайн үеийнхээ хамгийн алдартай, царайлаг эрчүүдтэй зугаацдаг байлаа. Өөрийг нь шүүмжилсэн шог яриа гарахад ч тоож хүлээн авдаггүй байлаа. Тэр ч бүү хэл гүнж “Хэрвээ эгч дүүсийн нэг нь хатан хаан болж, эелдэг сайхан ааш зан гаргаж байвал нөгөөх нь хорон санаа, завхай явдал, хатан хааны шөнийн биелэл болохоор заяагдсан байдаг” гэдэг байлаа.
Олон хүнтэй явалдсан Маргаретад сүйт залууд тохирох эр олдсонгүй. Энэ асуудал бүсгүйн санааг ихэд зовоодог байв. Харин 1959 онд гэрэл зурагчин Энтони Армстронг-Жонс гэгч эр 29 настай гүнжид гэрлэх санал тавьжээ. Энэ асуудал дахиад л олныг шуугиулсан юм. Учир нь хааны удмын хүмүүс хамгийн сүүлд 450 жилийн өмнө энгийн хүнтэй гэрлэжээ. Хатан хаан II Елизавета дүүгээ эмэгтэй хүний аз жаргалыг мэдрэг гэсэндээ тэр хоёрыг гэрлэхийг зөвшөөрчээ.
Харамсалтай нь гэрэл зурагчинтай гэрлэсэн гүнж хүссэнээрээ тайван амьдарч чадсангүй. 18 жил хамт амьдраад салах өргөдлөө өгчээ. Түүнийг архи хэр их уудаг байсан, тамхийг хэрхэн баагиулдаг тухай домог мэт яриа байдаг. Найзууд нь гүнжийн урилгаас ч татгалздаг болов. Яагаад гэвэл Маргарет нэг л ууж эхэлбэл найзуудыгаа ч гаргалгүй, шөнөжин зугаацдаг байжээ.
Маргаретын амьдралын сүүлчийн он жилүүд тун эмгэнэлтэй өнгөрсөн юм. Гүнж золгүй тохиолдлоор хөлөө шалзалж түлээд, тэргэнцэр дээр суудаг болжээ. Тэрбээр 2002 оны хоёрдугаар сарын 9-нд насан эцэслэсэн.
Охин дүүгийн амьдрал эмгэнэлтэй хэрнээ үйл явдлаар өрнүүн байжээ. Харин эгч II Елизавета нь хаан ширээнд хамгийн удаан заларсан гэдгээрээ түүхэнд бичигдэж байгаа юм.