Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүл мэнд, хүний эрх, үндэсний хөгжилд өргөн хүрээнд нөлөөлсөн нийгмийн хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн тэнцвэртэй бус байдлаас үүдэлтэй бөгөөд энэ нь уг тэгш бус байдлыг улам даамжруулдаг.
Саяхан болтол олон улс оронд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг гэр бүлийн дотоод асуудал гэж үзэж байлаа. Ингэснээр эрэгтэйчүүд эхнэрээ дарамтлан зовоодог явдлаа зөвтгөн түүнийг эсэргүүцэхийг цаад утгаараа хориглож эмэгтэйчүүдийг айлын хүнд хэцүү бүхнийг үүрэн хувь заяандаа гомдон гутарч явах зам руу түлхэж эхнэртээ гар хүрсний төлөө огтхон ч хариуцлага цээрлэл хүлээх ёсгүй гэдэгт итгэл үнэмшилтэй байлаа.
Гэтэл өнөөдөр бид их өөрчлөлтийн эрин үед амьдарч байна. Ихэнх улс оронд эрчүүд өөрсдийнхөө гэмийн төлөө хариуцлага хүлээх ёстойг ойлгоод зогсохгүй бусад эрчүүддээ үүнийг уриалах болжээ. Эхнэр, нөхөр гэдэг айл гэрийн ачааг тэгш үүрэгч хос багана билээ. Тулгуур багана өндөр, нам байвал гэр маань бат бөх байж яахин чадах билээ. Өнөөдөр гэр бүл болж байгаа залуус харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр суурилсан хос багана босгохыг чармайж байна.
Хүн бүр ХҮН болж төрснийхөө хувьд үндсэн эрх, эрх чөлөөг эдэлнэ. Хүн бүрийн эдлэх хүний эрхүүдэд аливаа хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, хэнээс ч хараат бус, халдашгүй амьдрах эрх багтдаг. Иймд хэн байхаас нь үл хамааран хүний эрхэм чанарыг хүндлэх ёстой. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Иймээс хүн бүр гэр бүл, найз нөхөд, ажил сургуулийн орчинд аливаа зөрчилдөөн үүсэхэд харилцан ярилцаж, эерэгээр шийдвэрлэж занших хэрэгтэй.