Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/-ноос санаачилан хоёр жил тутамд зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН” 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МҮЭ-ийн СТО-д болж байна. Зөвлөгөөнд нийслэл, аймаг сумдын эмнэлгийн асрагч, үйлчлэгч, сумын эрүүл мэндийн төвийн галч зэрэг хүмүүсийн төлөөлөл 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Тэд энэхүү зөвлөгөөнөөрөө ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлаа тодорхойлж тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэн шийдвэр гаргагчдад санал, шаардлага хүргүүлэх юм. Мөн өмнөх зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, санал шаардлагынхаа хэрэгжилтийг ч хэлэлцэж байна. Зөвлөгөөнийг МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нээж үг хэлэхдээ “…Эрүүл мэндийн байгууллагуудын өнгө төрхийг тодорхойлж, халуун хүйтэн, цус, ялгадас, халдвартай хаягдал, бохиртой өдөр тутамд ажиллаж, ачааны хүндийг үүрч арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа үйлчилгээний ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хангуулахын төлөө энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж, бодитой үр дүнд хүрч ирсний зэрэгцээ, цаашид сумын эмнэлгийн галч нарыг гэрээт биш үндсэн ажилтан болгож, ээлжийн амралт эдэлж чадахгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж ялгаварлагдаж байгааг өөрчлөх, эмнэлгийн үйлчлэгч нарыг мэргэшүүлэх замаар цалин хөлсийг салбарын ангилалд хамруулж, эмч, сувилагч нарын ажлын ачааллыг бууруулах зэрэг бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай” байгааг онцлов.
Зөвлөгөөнд “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр ЭМЯ-ны БТГ-ын салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, нийгмийн баталгааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа, “Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ажилтнуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар,” Аймаг, орон нутгийн үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудал” сэдвээр Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал, “Эрүүл амьдрах ухаан ба эерэг сэтгэлгээ” сэдвээр АШУҮИС-ийн харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор С.Наранчимэг нар илтгэл мэдээлэл тавьж, зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцсон эрүүл мэндийн салбарын ажилтнууд өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус зөвлөгөөнд оролцогчдоос өөрсдийн хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлаар Монгол улсын Засгийн газар, ЭМЯ, ХНХЯ, Сангийн яаманд хандан хүргүүлэх санал зөвлөмж, баримт бичгийг хэлэлцэн баталж хүргүүлэх юм. Тухайлбал: эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах,
цалин хөлсийг салбарын ангилал зэрэглэлд хамруулахын тулд тэднийг мэргэшүүлэх болон сум, сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал батлах тухай 2015 оны Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж, сумын галч нарыг үндсэн ажилтан болгох зэрэг олон чухал асуудлыг тусгах ажээ.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үйлчилгээний ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүлж олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа асрагч, галч, үйлчлэгч зэрэг ажилтнуудыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”, салбарын ҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”, “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшуулна.
МЭМАҮЭХ-ны ажлын алба