Б.Ерөөлт, 16 настай, ширээний теннис, усан спорт, төгөлдөр хуур тоглох дуртай, хэд хэдэн тэмцээнээс шагнал авсан. Аутизмтай гээд энгийн сургуульд авахгүй тул эцэг эх нь гадаад, дотоодод хувийн, тусгай сургуульд сургаж байна. Нээлттэй нийгэм форум нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чанартай боловсрол эзэмших тэгш эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллага бөгөөд эцэг эхчүүдийн холбоодтой хамтран асуудал дэвшүүлсэн цуврал видео бэлтгэн, олон нийтэд хүргэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн л адил сонирхол, хүсэл мөрөөдөлтэй, мөн авьяас чадвартай. Тэдний эцэг эх нь хүүхдээ сургуульд сурч, эрдэм мэдлэгээ зузаатган, авьяас чадвараа улам хөгжүүлж, үеийн найзуудын хамтаар хүсэл мөрөдөлдөө алхам алхмаар ойртож байгаад баяртай байна. Гэвч бусад хүүхдэд элдэв асуудалгүй олддог сургуульд сурах боломжийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд олон саадыг давж, уйгагүй зүтгэх хэрэгтэй болдог.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд боловсролын хүртээмжийг тэгш болгож, нийгмийн шударга ёсыг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол олгох замаар халамж хүртэгчдийн тоог бууруулж, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх өөрсдийн санал, бодлогын шийдлийг энэхүү видеогоор санал болгож байна.
БЭЛТГЭСЭН: НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ