К-поп дуучин, жүжигчин Rain-ы эцэг эх мөнгөний асуудалд оржээ. Саяхнаас дуучин, жүжигчин Rain-ы эцэг эх нь хөршөөсөө их хэмжээний мөнгө зээлж аваад сураггүй алга болжээ гэх пост олон нийтийн сүлжээгээр цацагдах болжээ. Хохирогч гэх нэгэн иргэний эцэг эх нь 1988 онд Rain-ы эцэг, эхэд 25 сая вон зээлүүлээд буцааж авч чадаагүй тухай мэдээлэл шуугиан тариад байна.
Хохирогч гэх А “1988 онд манай эцэг эх Сөүлийн Yongmun зах дээр цагаан будааны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Харин Rain-ы эцэг эх ойролцоохон будааны дэлгүүр ажиллуулж байж. Тухайн үед тэд эцэг эхээс маань 17 сая вон (ойролцоогоор $ 15,000) будаа зээлээр авсан боловч эргүүлж төлөөгүй. Мөн 8 сая вон (ойролцоогоор $ 7000) бэлэн мөнгөөр зээлж авсан. Манайхан мөнгөө төлөхийг шаардсан боловч төлөх боломжгүй гээд буцааж өгөөгүй” гэжээ. Тэр үед Rain-ы ахлах сургуулийн төлбөр төлөхөд мөнгө хэрэгтэй байсан гэсэн тайлбарыг хэлж байсан гэнэ. Үүнээс хойш үргэлжлүүлэн мөнгөө нэхсээр байсан боловч эцэстээ дуучны эцэг эх сураггүй алга болсон юм байх. Харин мөнгө зээлүүлсэн дээрх гэр бүл одоо ч болтугай өрөө төлөхийг шаардаж байгаа юм байна. Нотолгоо болгож зураг хүртэл байршуулжээ.
Тэд шүүхэд хүртэл нэхэмжлэл гаргаж үзсэн байна. Гэвч тэдэнд шүүхэд зарцуулах цаг хугацаа, мөнгө байгаагүй болохоор бууж өгсөн гэнэ.
Ийнхүү 30 жилийн дараа тэд дуучинд хандан захидал бичиж, тэдэнтэй холбогдохыг оролдсон боловч чадаагүй байгаа юм байна. Тиймээс олон нийтийн сүлжээгээр Rain-ы нэрийг дурьдан ийнхүү зарлаж өрөө төлөхийг шаардсан бололтой. Хамгийн сүүлд А гэгч нь “…өнөөг хүртэл зээлдүүлсэн мөнгөө авч чадалгүй бид хэцүү амьдарч байхад дуучин Rain их л аз жаргалтай амьдарч байна” гэжээ.
Харин Rain энэ бүхний хариуд компаниараа дамжуулан мэдэгдэл гаргаж, хохирогчтой биечлэн уулзаж, боломжтой шийдлийг хайх болно гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм байна.