Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар өнөөдөр (2018.11.28) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.
-Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Эд Кроненбург
-Мароккын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Азиз Меквар
-Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Паулу Эстивалле Де Мескита
-Бүгд Найрамдах Нижер улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Инуса Мустафа
-Бүгд Найрамдах Гана улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдуард Боатенг
-Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Луис Родолфо Шмидт Монтес
-Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антонис Тумазис нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, ёслол төгөлдөр угтан авсанд талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, Элчин сайд нар Бээжингээс хавсран сууж байгаа тул ойр, ойрхон Монгол Улсад тухлан саатаж, нийгэм, эдийн засаг болоод хүн ардынхаа нөхөрсөг харилцааг нэмэгдүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэйг санууллаа.
Мөн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарт хандан нэн тэргүүнд Монгол Улстай бүх түвшний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахыг хүсээд хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. Түүнчлэн улс орнуудын хооронд одоо хэрэгжиж буй зарим төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэхэд Элчин сайд нарын оролцоо их байдгийг сануулж, амжилт хүслээ.