“Эс…” гэх содон нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 30-нд “Маршал” арт галерейд нээгдэх гэж байна. Энэхүү үзэсгэлэнг С.Намуунцэцэг, Л.Золбоо нарын мэргэжлийн зураачид болон яруу найрагч Ц.Мөнхтулга нар хамтран гаргах юм. Тэд өмнө нь “Энэ бол би”, “Энэ бол би II“ үзэсгэлэнгүүдийг хамтран гаргаж байсан бол өнөөдөр “999+” аяны хүрээнд “Эс…” үзэсгэлэнг нээж байна. Энэ удаа тэд хөгжлийн бэрхшээлтэй нэгний хувиар биш нийгмийн хариуцлагаа хүлээсэн уран бүтээлчдийн хувиар сайн үйлсийн аянд уран бүтээлээрээ нэгджээ.
Үзэсгэлэнгийн үеэр Ц.Мөнхтулгын “Тэнгэрийн зангараг” номын орлогыг 100 хувь хандивлах бол зураачдын зургаас худалдаалагдсан тохиолдолд орлогын тодорхой хувь нь хандивлагдах гэнэ.
“Эс…” үзэсгэлэнг “Аз жаргал-Инээмсэглэл” төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх хандивыг босголцохыг зорин зохион байгуулж байна. Тус төв нь байнгын асаргаа нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжүүдийн ажлын байр төдийгүй, тэдний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв болох учиртай юм. Одоогоор өдөр өнжүүлэх төвийн барилгын дээвэр, цонхыг хийгээд байгаа юм. “999+” аян нь 10 сарын 22-оос “1000 цагаан чихэр” хандивын үдэшлэгээс эхлэн нийт 10 сая гаруй төгрөг цуглуулж бүрэн зогссон байсан барилгын ажлыг үргэлжлүүлж эхэлжээ.
Мөн уран бүтээлчид “Бид хэн нэгний үг заавраар биш өөрсдийн сэтгэл зүрхнээсээ энэ үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. Иймээс бидний хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээлүүдийн минь өнгө аяс, учир утга, мөн чанарыг л ойлгоосой” гэлээ.
Уран бүтээлчдийн танилцуулга:
Зураач С.Намуунцэцэг
“Анима”ДУДСургуулийг Зураач мэргэжлээр 2017 онд төгссөн
“Энэ бол би” хамтарсан үзэсгэлэн (2015 он)
“Мангасыг хөнөөсөн нь” номын нүүр зураг (2016 он)
“Энэ бол би II“ хамтарсан үзэсгэлэн (2016 он)
Зураач Л.Золбоо
“Анима”ДУДСургуулийг Зураач мэргэжлээр 2009 онд төгссөн
“Анима”ДУДСургуулийн 15 жилийн ойн үзэсгэлэн (2009он)
“Учиртай гурав”хамтарсан үзэсгэлэн(2013он)
“Анима”ДУДСургуулийн 20 жилийн ойн үзэсгэлэн (2014он)
Уран бүтээлийн танилцуулах өдөрлаг (2014он)
“энэ бол би II” хамтарсан үзэсгэлэн (2016 он)
“Салхи шиг хөөх хорвоо” бие даасан үзэсгэлэн(2017он)
Яруу найрагч Ц.Мөнхтулга
СУИС-ийн Соёлын сургуулийг Номын санч – соёл мэдээллийн ажилтан мэргэжлээр төгссөн
“Зүрхэнд унасан нулимс” ном(2007он)
“Ээждээ л зориулъя” ном (2009 он, 2016 он)
“Нууцлаг хүмүүний золиос” ном (2012он)
“Энэ бол би” хамтарсан үзэсгэлэн (2015 он)
“Тэнгэрийн зангараг” ном (2016он)