Тус тусдаа өрнөж буй мэт боловч улс төрд давуу эрх тогтоох гэсэн ганц нэгхэн хүний багц сонирхлоор үүссэн халуун үйл явдлуудтай долоо хоног өнгөрлөө. Ийм өдрүүдийн тайзан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх зогсохоос өөр аргагүйд хүрэв.
Улсын төсөвт бүхэлд нь хориг тавих хүртлээ улайрсан Ерөнхийлөгчийн 500 тэрбумын нэхлийг УИХ хэрхэн шийдэх бол? Ерөнхий сайдын тулган шаардсаны дагуу УИХ-ын дарга М.Энхболд, Хотын мэр С.Батболд нар огцрох уу? Д.Хаянхярваа гишүүний сэдсэн Засгийн газрыг огцруулах тухай бичиг амь орж Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө огцрох уу? Засгийн газрынх нь хүлээн зөвшөөрөх чадамжийг улам бүр сулруулж байгаа ЖДҮ-чин сайд нараа У.Хүрэлсүх яах гэж байна?
Хариулт нэхсэн ийм асуулттай долоо хоногийн Даваа гараг гэхэд Д.Хаянхярваагийн Засгийн газрыг огцруулах тухай бичигт УИХ-ын 27 гишүүн гарын үсэг зурсан байв. Бичгийг УИХ-ын гишүүд энэ өдрийн орой УИХ-ын даргад өргөн барьсан. Засгийн газрын хувь заяаг хөндсөн бичгийн сургаар У.Хүрэлсүх шуурхай хөдөлж, ЖДҮ-гээс хамаарал бүхий компанидаа зээл гаргасан хэд хэдэн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө зарласан юм.
Ерөнхий сайдын гадна, дотны янз бүрийн шахалтыг тэвчилгүй ажлаас нь чөлөөлсөн хүмүүс харин акул биш жараахай байв. Тэд бол танхимынх нь сайд нар биш. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Барилга хот байгуулалтын дэд сайд, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлууд.
Мягмар гарагаас эхлэн УИХ-ын Байнгын хороод бараг хуралдаж чадсангүй. Шалтгаан нь ирц хүрээгүй асуудал. Гэхдээ УИХ-д өөр нэг үйл явц идэвхижиж МАН болон АН-ын бүлгийн 40 гишүүн УИХ-ын даргыг огцортол хуралдаа суухгүй хэмээн бойкот зарласан юм.
Үүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичгийн хариу гэж үзэж болно. Энд гарын үсэг зурсан гишүүдийн дунд МАН-ын бүлгийн М.Энхболдын тал гэж хаяглагдаж асан 32-ын бүлгийнхэн ч багтсан байгаа. Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд зэрэг дахин сайдаар томилогдох шансгүй болсон гишүүд наанаа бол Засгийн газраа, цаанаа бол албан тушаалаа хамгаалан зогссон нь энэ.
Хэдийгээр АН-ын УИХ дахь бүлэг Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдсэн ч дээрх 40 гишүүний тоонд АН-ынхан ч багтаад амжжээ. Гэхдээ энэ тоо үнэн хэрэгтээ 32-33 төдийгөөр тоологдож буй. Гишүүдийн шаардлага М.Энхболдыг огцруулах биш Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын дарга өөрөө гарын үсэг зурлаа. Ийм шийдвэр гаргасан УИХ-ын дарга хурал удирдах нь зохимжгүй гэсэн байдлаар тодорхойлогдсон ч нийтэд эсрэгээр ойлгуулж дөнгөв.
Одоо бичгийг гуйвуулж тайлбарласан, хүчтэй харагдуулахын тулд гишүүдийн тоог нэмсэн хэрэгт УИХ-ын залуу гишүүд буруутгагдаж байна. Үүний хажуугаар Засгийн газрын зарим гишүүд Байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байх ятгалагыг гишүүдэд хийсэн мэдээ ч дуулдах болов.
Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүд хуралдаанд оролцож улсын төсвөөс 500 тэрбум төгрөг нэхээд бүтэхгүй болмогц төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Төсвийн мөнгөнд өндөр сонирхол шингээсэн Ерөнхийлөгч энэ мөнгөөр аж үйлдвэрийн паркуудыг сэргээнэ гэж мөрөөдөж байгаа юм.
УИХ хоригийг хүлээж аваагүй ч нэхэж буй 500 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхээр болж амыг нь хаагаад байна.
Энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд дуугарч “УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хонь бүтэн, чоно цатгалан вариантаар шийдлээ” гэж ихэд баярласан шинжтэй мэдэгдэл хийв. Угтаа бол энэ үг төрийн өндөр албан тушаалтнаас гараад байх юм биш.
“Чоно цатгалан боллоо” гэсэн энэ этгээд үг төсөвт шингээсэн тэдний шунал хэр зэрэг өндөр байсныг харуулах шиг… Одоо бол сэтгэл ханамжтай болсон гэдгээ шууд хэлсэн Ерөнхийлөгчийн баг өнөөдрөөс 500 тэрбумаа улсын төсвөөс яажшуухан салгаж, зээлийг хэн хэнд ямар байдлаар олгох вэ гэдэг төлөвлөгөө, зургаа сийрүүлж эхлэх болов уу.
Баасан гарагт Нийслэлийн ИТХ ээлжит бус хурлаараа Ерөнхий сайдын хөндсөн Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байлаа. Гэвч Төрийн ордонд Байнгын хорооны ирц хүрэхгүйн зовлон үүссэн шиг асуудал Нийслэл дээр ч давтагдав. Хурал өглөөнөөс хойш ирцгүй, ирцтэй болмогцоо Нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлдэг МАН, АН-ын бүлгүүд тус тусдаа хуралдаж шийдэлд хүрч чадсангүй.
Өнгөрсөн онд сайн ажилласан гээд Ерөнхий сайдаасаа шагнал авч, ердөө сарын өмнө ажлыг нь 85 хувьтай явна, хангалттай гээд үнэлчихсэн Хотын даргаа яах вэ гэдэг дээр НИТХ ингээд гацчихав.
Урьд өмнө Ерөнхий сайд нь хотын даргаа огцруулсан түүх үгүй. Үүнийг хуулийн дагуу шийдэхгүй бол буруу жишиг үүсч, ноцтой зүйл болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр НИТХ-д сууж Хотын даргыг огцруулах үндэслэлээ танилцуул гэж Э.Бат-Үүл мэдэгдсэн нь асуудлыг арай тодорхой байдал руу хөтөлж өгөөд байна. Хөндөгдсөн асуудалд ийм болгоомжтой хандсан хүн бол өөрөө Хотын дарга байсан нэгэн. Түүнээс биш энэ өдөр Нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлж байгаа залуучууд яахаа ч мэдэхгүй, томчуудаас ирэх дохиурыг хүлээгээд сууж байсан юм.
Хэт их улстөржилт төрийн захиргааны байгууллагыг хамж, хойшид хар толбо болж үлдэх вий гэж болгоомжилсон Э.Бат-Үүл Ерөнхий сайдаас тайлбар шаардаж байх яг тэр цагт УИХ-д 65 суудал авсан эрх баригч намын дарга хэвлэлийн хурал зарлаад “Би ганцаардаж байна” хэмээн ярьж байв. Дараа нь тэр МАН-д шинээр элссэн 100 залууд үнэмлэх атгуулж зогссон. Энэ нь түүнийг Нийслэл рүү очиж, өдөөсөн хэрэгтээ тайлбар өгөх хүсэлгүй байсныг илтгэх шиг.
Энэ өдрүүд ерөнхийдөө Ерөнхий сайдыг барьц алдуулж байв. Сар хүрэхгүй хугацааны өмнө УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг байна хэмээн мэдэгдсэн Ерөнхий сайд харин Баасан гарагт хэвлэлийнхэнд “Би парламентын хоёр танхимтай байхыг мөрөөддөг” хэмээн ярьсан байгаа. Цаг хугацааны хувьд тийм ч хол зөрүүгүй эсрэг тэсрэг энэ мэдэгдлийг анхааралтай ажих хэрэгтэй. Эндээс түүнд ямар нэгэн өөрчлөлтийн санаа төрсөн байгааг олж харж болох юм.
Тэгээд ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хамтран эрх мэдлийн хуваарилалтын ямар нэгэн өөрчлөлт хийх санаархалд нэгдсэн байгаагаа ил далд илэрхийлэх болсон. Энэ талаар улс төрийн хүрээнд ч ярьж байгаа юм. Гагцхүү тэр нь хууль эрх зүйн тогтсон хэм хэмжээнд баригдах гээд байна уу, эсвэл эрх мэдлээ хэтрүүлсэн, нийгмээ эмх замбараагүй байдал руу хөтөлсөн шинж тэмдгээр илрэх үү гэдэг нь анхаарал татаж буй.
Энэ өдөр Ерөнхий сайд хэвлэлийнхнийг даллан дуудах гэж байгаад хэл нь халтирч фактлав. Та нарт өгөх мөнгө алга гэсэн өрөөсгөл үг нь хэвлэлийнхнийг чиглэсэн доромжлолд тооцогдож байна. Хэвлэл мэдээлэл УИХ болон Засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдийг, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг нийгэмд түгээх үүргээ ижил тэгш гүйцэтгэж ирсэн. Үүнийгээ их юманд тооцож, цаг наргүй ажиллаж, байна, цалин бага байна гэж нэг ч Ерөнхий сайдад гомдол мэдүүлж байсан удаагүй. У.Хүрэлсүх нэг өдөр хэвлэлийнхнийг нийтээр нь доромжилсныхоо төлөө эргээд уучлал гуйх биз ээ.
Мөн өдөр шударга бусын хонгил үнэхээр байдаг юм байна хэмээн шогширч амжсан Ерөнхий сайд Төрийн ордны хойд талд эдлэн газартай юм байна. Газрыг одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хотын дарга байхдаа өгсөн гэж тэр Бямба гарагт үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа нотлон мэдэгдээд байгаа.
Энэ долоо хоногт улстөрчдийн шударга бус явдал, шударга бусын хонгилын тухай яриа, тайлбарууд тасралтгүй өрнөх шинжтэй байна. Тэр тусмаа Ерөнхий сайд өөрөө Төрийн ордны арын газрыг ямар үнээр худалдаж авсан болох. Тэр хөрөнгийн эх үүсвэрийг ямар орлогоор бүрдүүлсэн талаар тайлбар өгөх шаардлагатай тулгарч байх шиг. Түүний хариултыг нийгэм нийтээрээ хүлээж байгааг мартаж болохгүй.
Ерөнхий сайд хоёр долоо хоног УИХ-ын чуулганы танхимд хөл тавиагүй яваа. Улс төрийн нөхцөл байдлаас халгасан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тавьсан төсвийн хоригийг хэлэлцэхэд ч байр сууриа илэрхийлсэнгүй.
Улс төрийн тогоонд үүссэн асуудлыг шийдэж чадахгүй, тойрч яваа Ерөнхий сайдад үүссэн нөхцөл байдлыг тэнцвэртэй шийдэх хүсэл, чадвар байхгүй нь тод харагдах болов. Эсрэгээр түүнд зөвхөн хэвлэл мэдээллийн индэр хэрэгтэй. Тэр индэрийг ашиглан нийтийн анхаарлыг татах, хачин сонин мэдэгдэл хийх сонирхол л байгаа бололтой. Энэ нь унаж яваа Засгийн газраа торгоон тогтоох цор ганц арга гэж тэр үзсэн байж мэдэх юм.
Өчигдөр долоо хоногийн эхний өдөр, Тусгаар тогтнолын өдөр таарч бүх нийтээр амарсан. Дашрамд тусгаар тогтнол амар хялбар олдоогүйг хувийн ашиг сонирхлоо урьтал болгосон улс төрчид эргэн санахад илүүдэхгүй биз ээ.
Эх сурвалж: ikon.mn