Засгийн газрыг огцруулах тухай шаардлагыг УИХ-ын нэр бүхий 27 гишүүн УИХ-ын даргад өргөн барьсан байгаа. Тэд ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдсон сайд нар, УИХ-ын дарга, гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй учраас У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй, санал хураалтанд оролцох ёсгүй гэж үзэж байгаа аж. Тиймээс энэ асуудлаар нэр бүхий албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байгаа талаар өнөөдөр (2018.11.27) мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон гишүүд өөрсдийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах уу, өөрсдөө албан тушаалаа авч үлдэх үү, өөрсдөө энэ хэрэгт цаашдаа шалгагдах уу, үгүй юу гэдэг асуудал энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх учраас яалт ч үгүй ашиг сонирхлын зөрчилтэй байна. Бодит байдал дээр энэ хүмүүс ийм зөрчилтэй байна уу, үгүй юу гэдгийг бидэнд хэлж өгөх ёстой хүмүүс нь прокурор, АТГ-ын дарга учраас шаардлага хүргүүлж байна. Үүнээс гадна УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байна. Тодорхой хуулийн заалтыг үндэслэн УИХ-ын дарга Та “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй бол санал хураалтанд оролцож болохгүй” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүл. Хэрэгжүүлэхийн тулд мэдээллийг олж ав, олон нийтэд дэлгэ, тэгээд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд хэлэлцүүлэг, санал хураалтанд оролцохгүй байх ёстой гэсэн шаардлага байгаа.
Үүнээс гадна УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгт шаардлага хүргүүлж байгаа. ЖДҮХС-г тойрсон энэ маргаан, үймээн явсаар байгаад улс оронд нэн ойлгомжгүй, магадгүй тогтворгүй байдал үүсэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй байна. Тиймээс байнгын хорооны дарга Та өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд үүргийнхээ дагуу байнгын хороог хуралдуулж, энэ асуудлыг хэлэлц. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байгаа бол нэр усыг нь тодруулж олон нийтэд зарлаж, санал хураалтанд оролцуулахгүй бай гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.
Мөн гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй байна уу, үгүй юу гэдгийг нэн тэргүүнд тодруулахыг шаардаж УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболдод шаардлага хүргүүлж байна. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллагуудад цуглуулсан нууцын чанартай мэдээ материалыг Тусгай хяналтын дэд хороо сонсох эрхтэй. Тэгэхээр тус хороо хуралдаж, хуулийн шаардлагын дагуу Засгийн газрын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэдгийг тогтоож, зөрчилтэй бол УИХ-ын даргад зөвлөмж өгөх үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж байгаа.” гэлээ.