Хулгана бол биеийн бүтэц, зохион байгуулалтын хувьд хүнтэй хамгийн төстэй амьтан гэдгийг судлаачид эртнээс олж ажиглажээ. Тиймээс ч шинжлэх ухааны нарийн түвэгтэй туршилтуудыг энэ бяцхан биетэй атлаа гайхалтай төгс систем бүхий амьтан дээр хийхийг эрмэлзсээр ирсэн юм. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институти болон Их Британийн Сэтгэц судлалын институти, мөн Жексоны лабораторийн эрдэмтэд хамтран хүний тархи толгойдоо мэдэрдэг бүх төрлийн өвчин шаналгааг бие дээрээ мэдрэх зорилготой хулганы бүхэл бүтэн лабораторитай болсноо дэлхий дахинд зарлалаа.
Хөөрхий азгүй хулганууд дээр сэтгэцийн төрөл бүрийн эмгэг, зөнөглөх өвчин буюу альцгеймер, паркинсон, өөр олон төрлийн тархитай холбоотой өвчнүүдийн туршилтыг хийх юм. Ингэснээр хулгана дээрх өвчнүүдийг туссан хүн бие сэтгэлээрээ мэдэрдэг бүх л зовлонг яг өвчтөн шиг өөр дээрээ мэдрэх замаар уг өвчинтэй хэрхэн тэмцэх судалгаа шинжилгээний төлөө өөрийгөө золиосолно гэсэн үг. Сүүлийн 20 жилийн хугацаанд эмийн компаниуд зөвхөн альцгеймер өвчний эсрэг гэхэд хэдэн арван төрлийн өөр эм бэлдмэлийг туршиж, үйлдвэрлэсэн боловч төдийлөн амжилтанд хүрээгүй.
Тиймээс тухайн өвчний эсрэг хамгийн үр дүнтэй эмийг олж нээх шилдэг арга бол хулганыг уг өвчнөөр өвчлүүлэх явдал гэдэг дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Өнөөдрийн байдлаар олон улсын эрдэмтдийн баг хулганы биед өвчин намдаагч эмүүд хэрхэн нөлөөлж, улмаар энэ нь тэднийг ямар төрлийн мутацид ороход хүргэж байгааг анхааралтай судалж байгаа аж. Энэхүү судалгааны хойноос илүү нарийн төвөгтэй шинжилгээ, мөн бодит туршилтуудыг хөөрхий хулганууд дээр хийж эхлэх гэнэ.
Эх сурвалж: Nature.com