Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.
Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол улсын, эрх чөлөөт иргэд, элэг нэгт ахан дүүс ээ. Та бүхэндээ Анхдугаар үндсэн хуулиа баталж, Хүн төрөлхтний сонорт эрх зүйт төрт ёсны тусгаар Монгол улсаа тунхаглан зарласан түүхт өдрийн мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Одоогоос 94 жилийн тэртээ гадаад дотоодын дарлал, хаант засаглал, хамжлагат ёсноос салсан Монголчуудын, чин зоригт, холч мэргэн өвөг дээдсийн тунхаглан зарласан тусгаар тогтнолыг “Усан дээр ассан гал” буюу байж боломгүй үзэгдэл хэмээн дэлхийн орнууд гайхан дүгнэсэн байдаг. Тэртээх 1924 оны Шинэ үндсэн хуулиараа тунхагласан Монголчууд бидний тусгаар тогтнолыг үе үеийн эх орончдын олон удаагийн цөхөршгүй оролдлого, хичээнгүй зүтгэлээр 37-н жилийн дараа буюу 1961 онд хүн төрөлхтөн дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Улс гэрээ тунхагласан энэ өдөр бол эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааны түүхт өдөр билээ. Эрх зүйт төрийн өлгий болсон Монгол улсын иргэд ээ. Цэвэр тунгалаг, цэгц шударга Монгол төрийг төлөвшүүлэх үйлсэд эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс гэрийнхээ хөгжил дэвшил ирээдүйн төлөө итгэл төгс хамтдаа хичээн зүтгэцгээе. Буурал дээдсийн цог хийморь түшиж Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг өнөд ивээх болтугай.