Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдрийн 94 жилийн ой өнөөдөр (2018.11.26) тохиож байна. Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Одоогоос 94 жилийн өмнөх энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж, Монгол Улсаа хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд холбож, Анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй түүхэн өдөр юм.
Улс гэрээ тунхагласан энэ өдөр бол эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааны түүхт өдөр билээ.
Өнөөдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд төрийн хоёр өндөрлөгөөс гадна Шадар сайд болон УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.