Монгол Улсын Засгийн газар 2010 онд БНАЛАУ-д хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь бэлэглэх тухай албан ёсоор мэдэгдэж байсан юм. Тиймээс олон жил ярьсан зүйлийг бодит ажил болгохоор Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч наймдугаар сарын 15-ны өдөр 254 дүгээр тогтоол гаргаж, Лаос Улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь олгох тухай шийдвэрлэжээ.
Лаос Улсад хүмүүнлэгийн тусламжаар үржлийн хонь олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсэг БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сиалунгон Сэнг-Үтон тэргүүтэй тус улсын төлөөлөгчидтэй хамтран шуурхай ажилласны үр дүнд өчигдөр (2018.11.23) 1050 толгой үржлийн хонийг ОХУ-ын тээврийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудлаас Лаос Улс руу хүргүүллээ.
Цаашид Монгол Улсаас Лаос Улсад хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, хивс, малын эм, вакцин, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхэд талууд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас 60 ортой Монгол-Лаосын Найрамдал эмнэлэг, 200 хонь, ямааны үржлийн аж ахуйг 1984 онд тус тус буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн байдаг аж.