Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийг дэмжих зорилт, арга хэмжээний хүрээнд экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгохоор заасан байдаг. Харин энэхүү зээл эзэндээ очиж чадаагүй гэх дуулиан нийгэм, улс төрийн хүрээнд улам эрчээ аван үргэлжилж байна. Тэгвэл тэрхүү зээлээс хэн хүртэх боломжтой вэ, хэн нь гар хүрч болохгүй вэ гэдгийг холбогдох хууль, журмаас нь сөхөж харъя.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ?
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт:
-контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
-контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
-контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
-контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
-контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнийг хэлнэ.
Бидний өмнө мэдээлсэн “ЖДҮ эрхлэгчдийн 84 хувь нь 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай” гэсэн нэр бүхий нийтлэлтэй уншигч Та энэ заалтыг харьцуулж үзээрэй. Ямар нэгэн баримжаа мэдээлэлтэй болж юуны магад.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хэн хамаарахгүй вэ?
Харин дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаардаггүй байна. Үүнд:
-тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл;
-төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;
-банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ;
-ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг бол ЖДҮ эрхлэгч биш гэсэн үг.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулдаг учраас хэрэгжүүлэх хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх аж.
Төслийг сонгон шалгаруулах Хороо, Дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр Хороо болон Дэд хорооны даргад гаргах ёстой. Ажил, үүргийн хуваарийн дагуу Хороо, Дэд хорооны үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, төрийн бус байгууллагын төлөөлөл нь зээлдэгчтэй хувийн харьцаа тогтоох, бизнесийн нууцыг бусдад мэдээлэх, буруу үнэлгээ хийх, бусдад давуу байдал бий болгохыг хориглодог. Хороо, Дэд хорооны гишүүн үнэн зөв үнэлгээ хийгээгүйгээс зээлийг эрсдэлд оруулахгүй байх, хууль, журам зөрчихгүй байх үүрэгтэй. Зөрчсөн албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэх мэтчилэн цагаан дээр хараар бичсэн маш тодорхой заалтууд байна.
Бид мэддэггүйгээсээ болж алдах тохиолдол их байдаг учраас энэ удаад ЖДҮ эрхлэгчид гэж хэнийг хэлдэг тухай болон зарим мэдэхэд илүүдэхгүй хууль, журмын заалтуудыг танилцууллаа.