УИХ-ын чуулганы хуралдаан 16:00 цагт 42 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд танилцуулав. Уг хоригийг хоёр байнгын хороогоор хэлэлцээд дэмжээгүй. Хэлэлцэх явцад гишүүдээс гарсан санлуудыг Ерөнхийлөгч дахин авч үзээд өнөөдөр (2018.11.22) №Е32 тоот албан бичгээрээ УИХ-ын дарга М.Энхболдод хандаж хоригийн тодотгол байдлаар ирүүлснийг танилцуулсан нь гишүүдийн шүүмжлэлийг дагууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга хоригт тусгасан заалтуудыг уян хатан байдлаар оруулах боломжтой гэж үзээд хоригт зарим өөрчлөлтийг оруулжээ. Нэмэлт, өөрчлөлт оруулах боломж байгаа гэдгийг тэрээр дурдсан байна. Ингээд гишүүдийн горимын саналыг сонслоо.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Сая ирсэн бичиг хоригоо тодотгон өөрчилж байгаа юм байна гэж ойлгож байна. Санал болон бусад зүйлийг харгалзаад төсөвт зохих өөрчлөлт оруулаад батлаад өгөөч гэсэн бичиг байна. Өөрчлөгдөж байгаа юм чинь байнгын хороо дахин хуралдах ёстой юм болов уу гэсэн саналтай байна.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: Хоригтоо тодотгол ирүүлж байгаа юм байна. Тиймээс Төсвийн байнгын хороо дахин хуралдаж, гишүүдэд танилцуулах шаардлагатай гэж үзэж байна.
УИХ-ын дарга М.Энхболд байнгын хороодын дарга нарын саналыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхээс өмнө гишүүд горимын саналаа хэлэхийг хүссэн юм. УИХ-ын дэгийн тухайд, нэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч хэлэлцүүлгийг хойшлуулах бол олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Гишүүдийн хэлсэн горимын саналууд:
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бидэнд тавьсан хориг бол том, тодотгол нь жижиг юм байна. Ямар дэгээр явах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл хэлэлцэх хугацаа 28-нд дууссан байх ёстой. Мөн тодотгол хэлэлцэх үү, хориг хэлэлцэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Төсвөө баталж амжихгүй бол төрийн үйл ажиллагаа бүрэн тасалдана. Тийм болохоор тодорхой болгомоор байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Монгол Улсын төсвийг Засгийн газар өргөн барисан. Яагаад төсөв өргөн барисан хүмүүс орж ирэхгүй байгаа юм бэ. Тэднээс юм асуумаар байна. Амин чухал юм ярихаар Сангийн сайд нь алга болчихдог. Орж ирж үндсэн ажлаа хийцгээгээч гэсэн горимын санал тавьж байна.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Ерөнхийлөгч гацаанаас гаргахын тулд л буулт хийж байгаа байх нь. Уг нь өнөөдрийнх нь дордсон бичиг орж ирж байна. Өмнөх нь чөлөөтэй ажиллах бололцоог олгож өгсөн байсан. Харин одоо хэсэгчилсэн байдлаас хандаач, уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ гэсэн байна. Улам л хүндэрнэ. Тийм учраас Их хурлын индрээс хэлэхэд гурван өндөрлөгүүд сууж, тодорхой байдлаар ярилцаж зөвшилцөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би бол үнэнд гүйцэгдэж байна гэж харж байна. Бүхэлд нь хориг тавьчихаар дараагийн төсөв батлагдах ямар ч боломжгүй. Жишээ нь, 76 гишүүн 8 тэрбум авлаа гэснээсээ татгалзсан байна. Мөн бид бичиг хэлэлцэх гээд байна уу, хориг хэлэлцэх гээд байгаа юм уу? Ямар юмыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд санал хураалт явуулаад хоригийг хүлээж аваад “бичгийн” хүрээнд ярих ёстой юм байна гэж ойлгомоор болчихоод байна. Би тааж л ингэж яриад байна. Байнгын хорооны хурал дээр санал гаргах эрх Ерөнхийлөгчид байхгүй. Тэгэхээр энэ бичгийг санал гэж үзэх бололцоо байхгүй. Уг нь аль болох Ерөнхийлөгчийг ойлгомоор байгаад байна. Адилхан ганцаарддаг хүний хувьд ойлгомоор байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: З.Энхболд даргад хоёр удаа нөхрийн хувиар хэлж байна. Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутааж дууслаа. Ерөнхийлөгчийн хоригийг эцэслэн шийдээгүй байхад тодотгол гаргаад ирэх юм. Уг нь 6 үндэслэлтэй хориг байгаа. Ерөнхий сайд энэ тоглоомонд оролцоод УИХ-ын гишүүдийн чуулганд суух бүрэн эрхэд халдаж байна. Энэ бичиг дотор зөрчилтэй маш их зүйл байна. Уг нь 500 тэрбум төгрөгийн санаа нь зөв. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр аж үйлдвэрийн комбинат барина гэж байж болох юм уу? Энэ паркын ч гэсэн зураг төсөл нь байхгүй л юм байна лээ. Дахиад хоригийг тодотгоно гэж бүр байж болохгүй шүү З.Энхболд дарга аа.
УИХ-ын дарга М.Энхболд: Хоёр байнгын хорооны дарга шинэ нөхцөл байдал үүсч байгаа учраас байнгын хороон дээрээ дахиж ярья гэсэн санал гаргаж байна шүү дээ. Гаргасан горимын саналын дагуу олонхийн саналаар шийдээд явах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Гишүүд ээ, байнгын хорооноос гаргаж ирсэн саналыг хэлэлцье.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Урьд өмнө болж байгаагүй үйлдэл. Дэгийн хуулиар эцэслэн шийдээгүй. Хэлэлцүүлгийн явцад байр сууриа өөрчилж байгаа учраас эцсийн шийдвэр гарахаас өмнө байнгын хороо дахиж хэлэлцэх нь зүйтэй л гэсэн юм. Нэг хуудастай хэсэгчилсэн хоригийг дахиж ярих нь цаг хугацааг хэмнэнэ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Гэхдээ ямар арга замаар үйлдвэр гаргах гээд байгааг тодорхой болгомоор байна. Зах зээлийн зарчимд тулгуурлаад л дэмжиж байгаа юм. Ийм гаргалгаа байна. Засгийн газрын гишүүд нь алга. Дараа нь янз бүрийн асуудал болох вий. Тэгэхээр Д.Тогтохсүрэн завсарлага аваад, бүлэг шийдвэрээ гаргаад, Байнгын хороо өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болго. Одоо гишүүд нэрсээ аваад бүлгийн дарга завсарлага авчих, тэгээд бүлэг рүүгээ оръё.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Байнгын хороод хурлаа хуралдуулж яг чадах уу? Ирц хүрсэнгүй гээд гацаад байвал яах вэ? Бид төсвийн асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд, Сангийн сайд орж ирээд Засгийн газрын байр суурийг хэлэхгүй бол сүүлд нь асуудал ярих юм биш үү?
УИХ-ын гишүүн Д.Ганболд: Байнгын хороонд буцаагаад сунжрах л юм байна. Он гараад тодотголоор зөвхөн ийм сэдвээр хийгээд тусгайлан заагаад оруулж болдоггүй юм уу? Ерөнхийлөгчийн саналыг 100 хувь дэмжиж байна. Албан бичигт бүхэлд нь гэдэг үг хэвээрээ байгаа шүү. Хэсэгчилсэн гэж нэг ч үг байхгүй шүү.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Маш ойлгомжгүй нөхцөл байдал үүслээ. Тавьсан хориг дотроо шинэ нөхцөл байдал үүслээ гээд байгаа юм уу? Тодотгол хийлээ гэдэг байдлаар хэлэлцлээ гэхэд байнгын хороон дээр юу гэх юм? Ерөнхийлөгчийн хоригт хийсэн тодотголыг хэлэлцлээ гэх юм уу, хоригийг хэлэлцлээ гэх үү? Үүнтэй холбоотой заалт байдаг юм уу? Энэ явж явж Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсэх вий.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аль болох ойлголцуулах гэж Ерөнхийлөгч асуудлаа зөөлрүүлж оруулж ирж байна гэж ойлгож байна. Боломж байгааг дурдаад саналаа ирүүлснийг гишүүд ойлгож хүлээцтэй хандах хэрэгтэй. Та бүхний энд тэнд нуусан хэдэн төгрөг рүү чинь орохгүй гэж байна шд. Би Д.Ганболд, Ж.Эрдэнэбат гишүүнийг ойлгохгүй байна. Бөөрөнхийлөөд байх юм. Эрх баригч намын бүлэг завсарлагаа авна уу яана уу, ямар ч байсан маргаанаа зогсоогооч гэсэн саналыг хэлэх гэсэн юм.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн хориг дээр МАН-ын бүлэг шийдвэр гаргасан. Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг дахиж хуралдаж, хэлэлцэх шаардлагатай байна. Тиймээс завсарлага хүсч байна.
Ийнхүү гишүүд горимын саналаа хэлсний дараа УИХ-ын дарга МАН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өглөө. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дуусах хугацаа 28-ны өдөр учраас энэ хугацаанд чуулган нэг л удаа хуралдах товтой. Тиймээс маргаашийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Чуулган үргэлжилж байна.