Ардчилсан намын “Хөгжил шинэчлэл” үндэсний II аян Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өчигдөр нээлтээ хийжээ. Энэ удаагийн аян “Гишүүдээ сонсъё” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд нийт гишүүд, дэмжигчдэдээ хүрч ажиллан, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцож байгаа юм байна.
Уулзалтын үеэр намын анхан, дунд шатны гишүүд орон нутагт тулгамдаад буй асуудлын талаар санал, бодлоо илэрхийлжээ. Тухайлбал, орон нутагт ажлын байр хүрэлцээгүйн дээр малчид бэлчээргүй болж байгааг хөндсөн аж. Учир нь Сэлэнгэ аймаг газар, тариалангийн бүс нутаг тул малчид, тариаланчдын харилцааг зохицуулах төрийн бодлого зайлшгүй дутагдаж байгааг олон хүн онцолсон байна. Мөн аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн АЭХ-оос “Сэтгэлийн хүч” хандивын аяныг эхлүүлж, намын үйлдвэрлэгч гишүүдийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн “Жинхэнэ ЖДҮ” үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.