Саудын Арабын харьяат сэтгүүлч Жамал Хашоггийн аллагыг хараагүй мэт царайлж байгаа АНУ-ын байр суурийг шүүмжилсэн мэдэгдлийг Туркийн өндөр албаны хүн өчигдөр хийсэн байна. Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан мэдэгдэлд Вашингтоны засаг захиргаа Саудын Арабын гуйвшгүй холбоотон байхаа илэрхийлсэн юм. Тус улсын тагнуулын төв байгууллага CIA сэтгүүлчийн аллагыг Саудын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман шууд захиалсан гэж Трампын мэдэгдлийн өмнө дүгнээд байв.
Трампын мэдэгдэлд ханхүүг “аллагын талаар мэдэж байсан ч байж магадгүй, бас мэдэхгүй байсан ч байж магадгүй” гээд аль ч тохиолдолд Саудын Араб нь АНУ-ын чухал холбоотон хэвээр байна гэжээ. Тэгвэл Лхагва гарагт Туркийн эрх баригч намын дэд дарга Нуман Куртулмуш хэвлэлд ярихдаа Трампын мэдэгдлийг хатуу шүүмжилсэн юм. “Өчигдрийн мэдэгдэл бол ‘хошин шог’ байлаа” гэж тэр TRT Haber сувагт ярьжээ. “Саудын консулын газрын хашаан дотор явж байгаа муурны өнгийг хүртэл мэдэх чадалтай CIA шиг байгууллага аллагыг хэн захиалсныг мэдэхгүй байна гэж байхгүй.
Үүнд дэлхий нийт төдийгүй АНУ-ын олон нийт ч итгэхгүй” гэж тэр ярьсан байна. Лхагва гарагийн өглөө Дональд Трамп газрын тосны үнэ ханш унаж байгаа явдал нь Саудын Арабын бодлоготой холбоотой гээд талархал илэрхийлжээ. “Газрын тосны үнэ доошилж байна. Маш сайн! Америк хүмүүсийн төдийгүй дэлхий нийтийн татварыг их хэмжээгээр хөнгөлсөнтэй адил сайн үзэгдэл. $82 байснаа $54 боллоо. Саудын Арабт баярлалаа! Гэхдээ дахиад буулгамаар байна!” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.
Үүнээс минут орчмын дараа тэр “Make America great again” гэсэн сонгуулийн уриагаа том үсгээр бичсэн байв. Гэвч АНУ-ын конгресс Жамал Хашоггийн аллагын талаар өөр байр суурьтай байна. Хоёр намын төлөөлөл оролцсон сенатын хэсэг гишүүд Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төсөл бэлдэж байгаагаа мэдээлсэн юм.
Эх сурвалж: The Guardian