Засгийн газрыг огцруулах болон УИХ-ыг тараах асуудал өндрөө аваад байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлангийн байр суурийг тодрууллаа.
-Та Засгийн газрыг огцруулах тухай асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хоёулангийнх нь байр суурийг дэмжихгүй. Монголоор бол энэ хулгайчууд тоглоод, энэ газар ямар хүмүүс бөглөрч бугширсан байдгийг хүмүүс мэдлээ шүү дээ. Магадгүй энэ асуудал хөврөөд дараагийнх нь Засгийн газрыг томилохоор ч дэмжихгүй, хөндөлсөж хэвтэнэ.
-Та чуулганы хуралдаанд оролцохгүй юм уу?
-Одоо энэ 65 хүнийг ээлжлээд л хооллож байна. Одоо үлдсэн гуравдугаар ээлжийнхнийг хоолонд оруулах гэж байна. Би гишүүн болсноосоо хойш энэ муухай уул уурхай дэлбэрч тэсэрнэ гэдгийг хэлээд л байсан, нэг ч хүн нохой хуцаж байгаа чинээ тоогоогүй. Та бүхэн өнгөрсөн хоёр жил ярьж байсан бүхнийг гаргах хэрэгтэй. Би мэдээж чуулганы хуралдаанд суулгүй яахав дээ.
-Таны байр суурь яг одоо үед их чухал байна. Гэтэл Та өөрийгөө үнэд оруулах гэж байгаа юм шиг байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь хардлага төрүүлээд байна. Засгийн газрыг огцруулах эсэх дээр тодорхой хариулт өгөхгүй юм уу?
-Шунал ихэдвэл шулам болно. Шударга ихэдвэл хэнхэг болно. Хэн нь хэнхэг, хэн нь шуналтай шулам болчихоод байгааг харж байгаа биз дээ. Товчлуур дарах эсэх нь миний бүрэн эрхийн асуудал. Цаашаа зөндөө юм болно. Тэр үед нь асуу. Одоо хэлэхэд эрт байна.
-Талцсан хоёр талаас мөнгө амлах зэргээр хандаж байна уу?
-Байр суурь сонсож байна, би гайхаж байна. Энэ хулгайч нар хоорондоо зодолдох тусмаа түмэн олонд ашигтай. Үүнээс хойш Монголын төр лүү хариуцлагагүй, ад зэтгэр шингэсэн, муу бодолтой хүмүүс орж ирдэг цаг дуусгавар болох хэрэгтэй. Тэд зодолдох тусмаа Монголын төр цэвэршихэд хэрэгтэй. Та нар намайг гэхээс илүү хулгайчуудыг маш сайн гаргах хэрэгтэй.
-Тантай хүмүүс ирж уулзаж байна гэлээ. Тэр хүмүүсээс тэрбумаар нь амлаж байгаа хүн байна уу?
-Тийм юм алга байна. Тойроод л гүйлдээд байна. Надад ямар ч их хайртай болчихсон юм бэ. Нэгхэн товчлууран дээр юун аймар ач холбогдол өгдөг юм бэ.
-Та чуулганы хуралдаанд суухгүй, хариуцлагагүй ажиллаж байгаа. Тэгэхээр УИХ-ыг тараах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний ирц хамгийн эхэнд байгаа. Чуулганд арваадхан хүн л сууж байдаг шдээ. Тэгээд нэг нэгнийхээ товчлуурыг дараад сууж байдгийг юу гэхэв. Одоо би хараад танихгүй хүн зөндөө байна тэнд. Найзууд нь ирээд дөрвөлжин цагаан юмыг нь хийчихдэг юм шиг байна лээ.
-Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж Та юу гэж хэлэх вэ?
-Сайн хагаралдацгаа л гэж хэлье.