УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр (2018.11.22) Монгол Улсын 2019 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэх гэсэн боловч ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд орж ирж танилцуулга хийсэнгүй. УИХ-ын дарга М.Энхболд танилцуулгыг хэн нэгэн зөвлөхөөр нь хийлгэхийг хүссэн боловч мөн танхимд орж ирээгүй байна. Улмаар УИХ-ын дарга “Нэг бол Засгийн газрын гишүүд нь орж ирэхгүй, нэг бол ЕТГ-ынхан нь орж ирэхгүй, юу болж байгаа юм бэ? хэмээн бухимдав.
Ингээд гишүүдийн горимын саналыг сонслоо.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өөрөө хоригоо танилцуулахгүй байгааг нь өөрөө эс үйлдлээрээ энэ хоригоо эсэргүүцэж байна гэж үзэж байна. Бүхэлд нь хориг тавина гэдэг чинь бүхэлд нь хүчингүй болгоно гэсэн үг. Хэрэв хүчингүй болгох юм бол цаашдаа Монгол төр гацаанд орно. Горимын санал гаргаад сайн дураараа хоригийг зөвшөөрөхгүй байна гэж үзээд хүлээж авахгүй гэдгээр санал хураалт явуулж, дараагийн асуудлаа хэлэлцээд явъя.
ЕТГ-ын ЕНБД Ц.Цолмон: Дэгийн хуулин дээр хуралдаанаар нэг асуудал хэлэлцэж эхэлсэн боловч хойшлуулаад дараагийн асуудлыг хэлэлцэх эсэхийг олонхийн саналаар шийдвэрлэх боломжтой.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ерөнхийлөгч хориг тавьчихаад хэлэлцэх гэхээр орж ирэхгүй юм. Ингэж төрөөр тоглож болдог юм уу? Засгийн газрыг огцруул гэсний төлөө Их хурлаар бойкот хийдэг боллоо. Би бол хувьдаа энэ хоригийг дэмжинэ гэж бодож байгаа. Энэ асуудлаа танилцуулаач. Ард түмнийхээ өмнө шившгээ бичиж түүхэнд үлдээж байна шүү. Монголын төр чинь хүүхдийн тоглоом шиг боллоо.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ний нуугүй хэлэхэд тэвчээр үнэхээр барагдаж байна. Засгийн газрыг огцруулах миний саналын үндэслэл өнөөдөр яг үйлдлээрээ харагдаж байна. Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа! Одоо төрөөр тоглож болсоон.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Асуудлыг танхимдаа ул суурьтай хэлэлцээд явъя. Төсвийн хоригтой асуудлаар олонхийн дотор нэгдмэл байдал ажиглагдаж байна. Тиймээс энэ асуудлаар та бүхэн бүлэг дотроо яриач ээ, бид ч бас ярилцъя. Тиймээс энэ хоригийн асуудлаар АН завсарлага авъя.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Төсөв батлах онцгой эрхэд халдаж байгаа гишүүд ард түмнээ бодож танхимдаа орж ирж хэвийн ажиллаж, асуудлаа хэлэлцээд явмаар байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Яг эрх мэдэлтнүүдийн засаглалтай орон болжээ. Хоригоо Ерөнхийлөгч танилцуулахгүй байгаа нь ерөөсөө УИХ-д, Үндсэн хуульд, Эдийн засагт хориг тавьсан юм байна гэж ойлгогдож байна. Монголын эдийн засаг чинь хоригтой болчихоод байна шүү дээ. Монгол Улс төсөвгүй боллоо. Ерөнхий сайд хүн УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа увайгүй үйлдэл нь огцруулах үндэслэл нь мөн шүү дээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: ЕТГ-ын дарга хоригийнхоо үндэслэлийг тайлбарлахгүй байгаа нь сайд нар орж ирэхгүй байгаатай холбоотой гэж хэлж байна. УИХ-ын дарга 65 гишүүнээ оруулж ирэхгүй бол засгийн ажил бүхэлдээ гацах нь ээ. Тиймээс бүлгээ хуралдуулж асуудлаа цэгцэлж, чуулганыг хэвийн үйл ажиллагаанд нь явуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 32 гишүүн УИХ-ын чуулганд оролцохгүй гэж албан бичгээ өгчээ. 2 нь АН-ынх, 30 нь МАН-ынх байна. Эндээс 13 Засгийн газрын гишүүд байна. Энэ 32-ын тал нь ЖДҮ-чид. Түр хорооны асуудлыг яаралтай шийдвэл яасан юм бэ? Даргын зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг яаралтай оруулж өгөхийг УИХ-ын даргаас хүсч байна.
Гишүүд горимын саналаа хэлж дууссаны дараа чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхийлөгчийн хориг хугацаатай. Хугацаатай асуудлаар завсарлага авъя гэсэн АН-ын бүлгийн саналд 2 цагийн завсарлага өгье.” гэв. Ийнхүү 16:00 цагаас Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар УИХ-ын чуулган үргэлжлэхээр боллоо.