Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, Банк, санхүү гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 18 илтгэл тавигдав.
Хот төлөвлөлт, дэд бүцийн хүрээнд гурван илтгэл тавигдсаны нэг нь Монголын архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, Монголын ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батжавын “Монгол Улсын хот байгуулалтын бодит байдал” илтгэл байлаа. Түүний илтгэлд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутагт төлөвлөлт, зохион байгуулалт хийх нь зүйтэй гэсэн гол санааг хөндсөн байв. Ингэж чадвал агаар орчин, хөрсний бохирдол буурах болно гэдгийг тэрбээр онцолж байсан юм.
Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл сэдвийн хүрээнд долоон илтгэл тавигдсан. Доктор, профессор Ц.Цэдэвдамбын “”Монгол өргөө” төсөл, “Эй Ди Ти” компанийн захирал Т.Зая “Цэвэр агаарын БАЯНБҮРД” төхөөрөмжийн талаарх танилцуулгыг хийв. Баянбүрд төхөөрөмж нь бохир агаарыг сорж ионжуулан цэвэршүүлдэг бөгөөд ойр орчмын 10 мянган ам метр талбайн агаарыг цэвэрлэх хүчин чадалтай гэнэ. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол гэрийн цахилгаан тулга” буюу уламжлалт зуухны оронд хэрэглэж болох цахилгаан төхөөрөмжийн талаар “Мөнх амар дулаан” ХХК-ийн захирал Г.Мөнхбат танилцуулсан бол устөрөгчийн генератороор түлшийг шийдэх арга замын талаар ахмад инженер И.Бодий танилцуулсан юм.
“Иргэдийн оролцоо, шийдэл” сэдвийн хүрээнд ШУТИС-ийн профессор, Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж, СХД-ийн иргэн Ж.Бямбасүрэн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн дарга Б.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар илтгэл тавилаа.
Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг шийдвэрлэж, бодит ажил болгоход аль ч шатанд хөрөнгө мөнгөний асуудал тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэж болох талаар МБХ-ны ТоС-ийн Удирдах хорооны гишүүн Б.Найдалаа, ХАС банкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул нар илтгэлдээ дурьдаж байв.
С.Батболд: Хязгаарлалтын дэглэмийг хатуу баримтлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдрийн тавьсан илтгэлүүдээс аваад ажил хэрэг болгох санаа маш их байна. Улаанбаатар хот хязгаарлалтын дэглэмээ маш сайн барих шаардлагатай. Дэлхийн ихэнх хот хязгаарлалтын дэглэмээ барьснаар агаарын бохирдлоо шийдсэн туршлага бий. Гаргасан шийдвэрийнхээ дагуу энэ дэглэмээ маш сайн барина. Агаарын бохирдлын талаар хотын зүгээс олон ажил хийж байна. Цаашдаа шийдэх нэг чухал асуудал бол гэр хорооллын жорлонгийн асуудал. Үүнээс болж хөрс маш ихээр бохирдож байна. Дахин төлөвлөлтөөр чөлөөлсөн газрыг доод тал нь дөрвөн метр ухаж байж хөрс цэвэршиж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй ч бид шийдэх ёстой. Энд тавигдсан илтгэл, төсөл хөтөлбөрүүдээ нийслэлийн удирдлагуудад ирүүлээрэй. Бид дэмжих боломжтой, санхүүжүүлэх хөтөлбөрүүдээ авч хэлэлцээд эргээд холбогдож, хамтран ажиллах бололцоотой” гэсэн юм.
Д.Оюунхорол: Хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллана
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Олон сайхан бодит ажил болж болохуйц илтгэлүүд тавигдаж байна. Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад санаа зовниж, сэтгэл гарган ажиллаж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүддээ талархсанаа илэрхийлье. Энэ чиглэлээр хийх гэж буй ажил, төсөл хөтөлбөрүүдтэй БОАЖЯ хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн байгаа. Хамгийн эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэг чухал асуудал. Агаарын бохирдолтой тэмцэх ажил нь богино хугацаанд нэг шийдлээр шийдэгдэх асуудал биш гэж бодож байна. Олон арга хэлбэрүүдийг тууштайгаар төр захиргааны байгууллагын зохицуулалт, оролцоотойгоор шийдвэрлэх хэрэгтэй. Бид агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан байгаа. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн хүмүүс бүгд хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг санаа зовниж явдаг гэж бодож байна. БОАЖЯ та бүхний өмнө үргэлж нээлттэй байгаа гэдгийг дахин хэлмээр байна” хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдрийн уулзалт бие биедээ мэдээлэл өгч чадсан үр ашигтай болж чадлаа. Харьяа яам, нийслэлийн удирдлагууд, төрийн болон бөрийн бус байгууллага, иргэдийг орлцуулж санал бодлыг нь сонслоо. Ууулзалтаас уулзалтын хооронд бидний ярьсан шийдэлд ахиц дэвшил гарч, бодит ажил болж байх ёстой гэж би бодож байна. Өнөөдрийн уулзалтад ирсэн та бүхэндээ талархсанаа идэрхийлье” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.