Мажигийн ТУНГАЛАГ
Манайд дандаа баяр болж байдаг. Худлаа гэвэл Төрийн ордны гадуур жаахан эргэлдээд үзээрэй. Гоё гоё дээлтэй, цэцэг навч болсон хүмүүс байна уу, одон тэмдэгээр шагнагдагсдаа хүлээж буй нь тэр. Дотор бас л бөөн бөөн цэцэг навч, алаг эрээн өнгөөр бялхаж байгаа. Хэдхээн хоногийн дараа Улс тунхагласны баяр болно. Энэ өдөр бид гоё дээлтэй, цэцэг навч болсон хүмүүсээ ахиад олноор нь харах юм. Энэ бол мэдээж Ерөнхийлөгч иргэдээ баярлуулж байгаа нь тэр. Одонгоор баярлуулахад тодорхой хэмжээний шалгуур байхаас гадна, үе үеийн Ерөнхийлөгч нарын хувь зан ааш ихээхэн оролцоотой байдаг. Одон баярт үйлээс гадна нийгмийг хуваах, талцуулахад нилээд хувь нэмэр оруулж ирсэн талаар өгүүлье.
ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН ҮЕ
Мань хүн их азтай. Одонгийн үнэ цэн жинхэнэ шинжээрээ, одод мэт тэнгэрт гялалзаж байсан үе. Дөнгөж социализмаас татгалзсан үе байсныг хэлэх үү, одон тэмдэг гэдэг бол жинхэнэ од байлаа. Одонтой байхад мөнгө чухал биш, үхэхэд маань мэгзэмээс ч хүчтэй сонсогдох, үр хүүхэддээ орхих том өв байлаа. Мань хүн ч нэлээн цензуртай олгож байсан байх. Харин 1996.03.01-нд тухайн үеийн эрх баригч нам, (эрх баригч гэснээс одоогийн 65-аас ч олуул, 70-уул шахуу байсан шүү) МАХН-ын түүхт 75 жилийн ой тохиох болж, том нам тул Төрийн том том одонтой тэмдэглэхээр шийдэж, дарга Даш-Ёндонгоо тэргүүлүүлээд тодорхойлж ирүүлсэн юм гэнэ билээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга М.Энхсайхан болон зөвлөхүүд нь ярилцаад, энэ улс төрийн нам үүссэн өдрийг нэг нам өмчлөн тэмдэглээд байх нь утаггүй гэлцээд, үүнийг засах боломж гарч ирснийг харсан гэдэг. Ингээд Монголын улс төрийн намуудын анхны дарга болох Баабар, С.Зориг, Да.Ганболд, Э.Бат-Үүл мөн МАХН-аас Г.Очирбат нарын хүмүүсийг нэмээд шагнах зарлиг гаргахад тухайн үеийн МАХН-ын дарга тэр үедээ ирж гардаж авалгүй, эсэргүүцлээ илэрхийлж байсан юмдаг. С.Зоригийг одонгоо угаа гэж нөхөд нь шаардлаа. Баярлах шалтаг гэж үзсэн байх л даа.
Ер нь тэгээд одоо хүртэл ОДОН-г угааж л байгаа юм чинь. С.Зориг агсан нөхдийнхөө хийсэн бяцхан угаалган дээр нөгөө Алтангадас одонгоо пиджакныхаа энгэрийн ард зүүчихсэн, үзье гэсэн нөхөддөө эргүүлж байгаад харуулж сууж билээ. Одон социализмын бэлгэ тэмдгүүдийн нэг гээд баахан шүүмжилчихсэн байдаг. Гэтэл П.Очирбат Ерөнхийлөгч одонгоор шагнаад байдаг. Ёстой зөв харж инээж, буруу харж ичиж байгаагаа тэгж илэрхийлсэн болов уу. Одоо энэ өдөр Эх орончдын өдөр болсон.
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИЙН ҮЕ
1997 онд Н.Багабанди гуай Ерөнхийлөгч болоод одон тараах эрх мэдэл гарт нь ирэв. Н.Багабанди гуай ганц 1997 онд ч биш бүүр найман жилийн турш одон тараах эрхийг атгасан. Энэ үед л жинхэнэ юм болсон доо. Юу болсон гэхээр ардчилсан намуудын харьяалалтай бол одон од болоод тэнгэрт өлгөгдөж байв. Төрийн шагнал байтал, нийгмийг хуваах, ялгаварлахад ихээхэн үүргээ гүйцэтгэсэн дээ, тэр ОДОН. Энэ хооронд Ардчилсан намынхан ч бас зүгээр хараад суусангүй.
Солонгост сууж байсан Элчин Ло.Галаа эрдэнийн шигтгээтэй, алтадсан, хамгийн гол нь дундаа эзэн Чингисийн дүртэй том одонг хийлгэж, үүнийг Ардчиллын дээд одон, Чингисийн одон гэж нэрлэх боллоо. Ардчиллын од гэх мэт олон одон тэмдэгтэй болов, Ардчилсан намынхан. Ийнхүү найдваргүй Төрийн одон руу өлвөлзөхөө больсон юм. Н.Багабанди гуай хэдэн жилийн өмнө бичсэн байсан. “Мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүл” гэдэг сургаалдаа “Эрх чөлөөтэй хүн аз жаргалтай. Дотоод эрх чөлөөгөө сэхээрсэн хүн хөлдөө гинжтэй бүжиглэж, хүзүүндээ дөнгөтэй дуулж чадна” гэж. Мань хүн дор хаяхад 10 жилийн дараа ингэж бичсэн байсан. Бодвол одоо тэр үед ардчилсан намуудын харьяалалтай хүмүүст хахир хатуу хандаж байснаа бодож, өршөөсөн нь энэ байх.
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯРЫН ҮЕ
Н.Энхбаяр гуайн үе ирлээ. Ашгүй найм биш, дөрвөн жил л үргэлжиллээ. Одонгийн тухайд тэр Ардчилсан намынхныг тас ялгаварлаагүй ээ. Өөрт нь улс төрийн дэмжлэг үзүүлэх фракцийг аль хэдийнэ Ардчилсан намд дэмжиж, эрх мэдлээ хуваалцаж ирсэн туршлагатай байлаа, тэр. Одоо одонгоор дамжуулж дүрсэн хөлөө улам чангаруулж эхэллээ. Ажилгүй ч төрийн одон авч, сэтгэлээ сэлбэх нэгэн байхад, том албан тушаалд нь чимэг болох одонг хэр үнэлэх хэсгийг мэргэн олж байлаа, тэр.
Ийнхүү төрийн одон Ардчилсан намыг дотор нь талцуулахад үүргээ гүйцэтгэж ирэв. Гэхдээ Энхбаяр гуай бас нэг шинэ моод гаргасныг үнэлэхгүй байж болохгүй, энэ бол социализмын үеэс өвлөгдөж ирсэн, төрийн дээд одонг, ялангуяа Гавьяат жүжигчин цолыг тэтгэвэртээ сууж байж шахуу чүү ай авдаг байсныг өөрчилж, цэл залууд нь бөөнөөр нь олгосон зарлиг гаргасныг бүгд сайн санаж байгаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕ
Жинхэнэ цэцэг навч, одон, баяр хөөр болсон баярыг Ардчиллын 20 жилийн ойгоор хийж, гудамжныхан, лүмпэнгүд, партизанууд гэх мэт нэр хочтой олон жилийг туулж ирсэн нөхдийнхөө баярыг нэг сайн чимсэн дээ. Чимэг зүүлтгүй бол ямар баяр байх вэ дээ. Шагнагдагсдын дотор “Буян”-гийн Жагаагаас авахуулаад янз бүрийн намынхан, ардчиллыг үүсгэн байгуулах үйл хэрэгт нэр нь бичигдсэн болгон орсон байлаа. Тэр энэхүү жагсаалтыг 20 жилийн өмнө үйлдэгдсэн гэж үзсэн байсан юм.
Энэ л миний мэдэх хамгийн гоё баяр болсон. Юугаараа гоё байсан гэхээр чимэг зүүлт нь л гоё, үүндээ зориулаад өмссөн дээл хувцас нь бас гоё байсан даг. Бие биеэ үнсээд л, хальт энгэр рүүгээ харцгаагаад л. Одон гэдэг ийм л хүчтэй эд билээ. Үүнээс хойш найман жилийн хугацаанд элдэв аргаар тодорхойлолт атгуулсаар, шагнуулсаар байгаад манай Ардчиллынханы энгэрт гялалзах төрийн одонгууд бүүр сонин биш болж, сүүлдээ гавьяат руу гарч өгцгөөсөн.
Гавьяат авсан, авах цуваагаа тоолж суудаг болсоон. Адилхан бага хурлаас эхлээд явсан нэгэндээ алагчилж өгөөд л манай хүн ч бас нөгөө одон хуваадаг, талцуулдаг, өш хонзон багахан ч гэсэн авдаг хэрэгсэл гэдгийг бас сэмхэн харуулж чадсан. Одоо удахгүй Ардын болон Баатарын цуваагаа тоолж эхлэнэ ээ, бид. Яагаад гэвэл Ардчилсан холбооны дарга ахиад Ерөнхийлөгч болсон шүү дээ.
Эх сурвалж: ikon.mn
12 comments
Улсад олон жил ажилласан ахмад ажилчдаа шагнах нь тун хойрго байна. Жишээлбэл, аймаг, сумдын зүгээс шүү.
Монгол улсын гавъяатын нэр хүнд навс унасан даа. Амьдралдаа ганц тоосго өрж үзээгүй ганц барилгын зураг хийж үзээгүй гавъяат төрсөн гээд л бодчих. Бараг социализмын үеийн баярын бичгийн үнэ хүндгүй болсон байна.
ЭЛБЭГДОРЖ ТАРВАГА БООЖ ӨГСӨН ХҮНД ГАЗАР ДЭЭР НЬ ШУУД Л АЛТАНГАДАС ОДОН ЗҮҮЖ ӨГЧ БАЙСАН ЮМ
Хэний үед хэдэн хүн төрийн одон медалиар шагнагдсан, хэдэн баатар, хэдэн гавьяат төрсөн талаар дэлгэрэнгүй судалгааг ард түмэнд хүргэмээр байна.
Маш сайн нийтлэл байна бид мэдэх эрхтэй
Шагналаа больчихоо
Шагналаа больчихоо
ЯГ үнэн шүү.
Hend Ch hereggui ter budaggui torpor yah yum. Oroh oron oochih ayagataigaa baiwal baraw . Toriin shagnalt Jantsannorowoos iluu garsan Bold duuchin, Haluun amiaraa eh ornoo hamgaalsan erelheg zaluustaa ogoogui Ulsiin Baatariig Bat-Uuld ogood nogooduul ni awaad l Shagnaliin ner hundig naws unagaasan hun bol Elbegdorj. Yaj ichihgui amid yawaad baidag baina aa.Maniigaa baig gehe ooriinhoo ur huuhdiin neriig boddoggui yum baih daa
Naad temeriig chini zyylee geed yhehed tys boldogson bol ch sain asan?daanch hereggyi zyil dee!!!manaihaas eer ornyyd bol naad temeriig chini yaridaggyi yum!Odongoon zyygeed yzeerei!!!ichmeer damsignyyd!!!!
Завханд амьдардаг хадам дүү маань өнгөрсөн цагаан сарын өмнө хөдөлмөрийн хүндэт медаль авлаа гээд авгай нь утасдлаа. Одоо их хурлын гишүүн Санжмятав эд нартай сүрхий дотно байдаг юм. Дараахан нь мялаах болоод уулзсан чинь энэ нь дээр санагдаад сольчихсон гээд Алтан гадас энгэртээ гялалзуулчихсан сууж байсан даа. Их урамгүй санагдсан.
Элбэгдоржийн ТГ-н орлогч дарга Нэргүй гэгч эмэгтэй Багануурт гялгар уут дүүрэн “Алтан гадас” авчирч гудманд тараасан. Төрд нэг жил ч ажиллаагүй хүн “Алтан гадас” хүртсэн гээд л..