“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд байгуулагдсан “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өчигдөр (2018.11.23) боллоо.
Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байгаа ба эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэдэг”.
Шинээр нээлтээ хийсэн энэхүү үйлдвэрийн хүчин чадлын тухайд, ирэх онд 600 мянган тн-д хүргэж, 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно. Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлэх гэнэ.
“Утаанаас салах, угаарыг багасгах нэг л арга бий. Хамгийн төгс шийдэл бол иргэдийг орон сууцжуулах. Гэхдээ тэр болтол 20 орчим жил шаардлагатай байх. Тиймээс энэ хугацаанд утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа юм. Засгийн газар ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон. Тэгэхээр түлшний нөөцөө бэлтгэхээс гадна сайжруулсан, шахмал түлш нь өнөөдөр худалдаалагдаж буй түүхий нүүрснээс үнэ хямд байх ёстой” гэж Ерөнхий сайд үйлдвэрийн нээлтэн дээр хэлсэн үгэндээ дурьдсан юм.
Тавантолгойн нүүрс нь шаталт сайн, шаталтын хугацаа урт, хоруу чанар багатай зэрэг ач холбогдолтойг эрдэмтэд тодорхойлсон аж.