МАН-ын гишүүн, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Нинжийн Дэмбэрэл МАН-ын онц их хурлыг хуралдуулах тухай уриалгыг МАН-ын дарга У.Хүрэлсүхэд болон тус намын бага хурлын гишүүдэд хүргүүлжээ. Н.Дэмбэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Намын эвдрэлцэл үргэлжлэх юм бол намын даргыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах тоолуурыг ч ажиллуулж эхэлнэ гэж хэлж байсан. Энэ тоолуур ажиллаж эхэлсэн үү?
-Юуны өмнө залруулга хэлэх хэрэгтэй байх. Намын дарга, Ерөнхий сайдыг огцруулах биш, намын онц их хурлыг хуралдуулах тухай асуудлыг сөхөж тавина гэдгээ хэлж байсан. Өнөөдөр МАН хоёр хуваагдчихсан байгаа. Энэ бол хэнд ч илэрхий болсон зүйл. Тэгэхээр хуваагдлыг цэгцлэх нэг талдаа багтах, намын гишүүдийнхээ санаа бодлыг сонсох шаардлага тулгарсан байна гэж би үзэж байгаа. МАН-ын үндсэн дүрмээр бол хоёр тохиолдолд намын ээлжит бус онц их хурлыг хуралдуулдаг. Нэгдүгээрт, намын бага хурлын гишүүдийн 2/3 нь дэмжих юм бол, хоёрт намын дарга санаачлаад бага хуралдаа оруулаад намын ээлжит бус их хурлыг зарлаж болдог дүрэмтэй. Дүрмийнхээ дагуу би өнөөдөр МАН-ын даргад МАН-ын онц их хурлыг хуралдуулах уриалгаа хүргүүлж байна.
-Магадгүй дүрмийн заалт хэрэгжих боломжгүй бол яах вэ?
-Хэрэгжүүлэхгүй бол нийт гишүүдийн 1/3-ээр бас хуралдах дүрмийн заалт бий. Тэгэхээр бид нар намын бага хурлын гишүүддээ тараагаад өгсөн. Намын даргад хүлээлгээд өгчихлөө. Хэрэв ингээд тодорхой санал санаачлага гарахгүй бол намын гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах, нийт гишүүдийн 1/3 гэдэг нь ойролцоогоор 70 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлнэ.
-М.Энхболд, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн Ерөнхийлөгчийн улс төрийн тоглоомонд орооцолдоод байна гэсэн. Та энэ талаараа тайлбарлаач?
-Ер нь энэ өөрт оногдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй, намын эв нэгдлээ хангаад ажиллаж чадахгүй байгаа учраас онц их хурлыг зарлая гэж байгаа. Ямар ч байсан манай намын дарга Ерөнхийлөгчтэй хамтарч тоглоод байгаа юм. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжиж ажиллаж байгаа учраас намын гишүүд нь дэмжихгүй хоёрдмол байдалд орсон. Ийм хагарал бутралыг бий болгосон учраас энийгээ бас цэгцлээч гэдэг шаардлагыг хэлсэн байгаа.