Калифорний муж даяар шатаж байгаа ойн түймэртэй биечлэн танилцсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн сонирхолтой зөвлөгөөг орон нутгийн захиргааныханд өгсөн нь маргаан дэгдээжээ. Тэрээр “Та бүхэн ойн хөрсийг байнга арчилж байх ёстой. Би ой модоор баялаг Финланд улсын ерөнхийлөгчтэй уулзахад тэд ойн хөрсийг унасан навчнаас цэвэрлэх ажилд их цаг зарцуулдаг гэж байсан.
Ингэснээр тэд гал түймрийн аюулаас сэргийлж чаддаг” гэж ярьсан юм. Цаг уурын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөггүй Трамп энэхүү гамшгийг дэлхийн дулаарлаас үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин ойн менежмэнтийн алдаатай бодлого гэж үзэж байгаа. Тэгвэл түүний мэдэгдлийн дараа Финландын ерөнхийлөгч Саули Ниинистё дотоодын хэвлэлд ярихдаа Трамптай хэзээ ч ойн хөрсийг унасан навчнаас цэвэрлэх тухай ярьж байгаагүй гэжээ.
“Би түүнд Финланд бол ой моддоор хучигдсан орон. Бидэнд маш сайн хяналтын систем байдаг гэж хэлж байсан” гэж ярьсан Финландын ерөнхийлөгч ой модыг сийрэгжүүлэх ажил үе үе хийдгийг нь Трамп буруугаар ойлгосон байх гэж хэлсэн байна. Трампын мэдэгдлийн дараа Финландын жирийн иргэд навч тармуурдаж байгаа зурагнуудаа сошиал сүлжээнд хуваалцаж, АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг тохуурхжээ.
Эх сурвалж: Quartz