Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017.11.17-ний өдрийн А/89 дугаар тушаалаар жил бүрийн энэ өдрийг “Агентлагийн тэмдэглэлт өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр анх тус агентлагийг үүсгэн байгуулсан байдаг. Энэ жилийн “Агентлагийн тэмдэглэлт өдөр”-ийн хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Тухайлбал, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2019.01.01-ээс хэрэгжиж эхлэх ба Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчдын “Тангараг сэргээн баталгаажуулах” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Төрийн албаны зөвлөлийн Орон тооны гишүүн С.Цэдэндамба, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар оролцож оролцогчдод хандан үг хэлсэн юм.
Энэхүү арга хэмжээ маань төрийн албан хаагчдыг хандлагадаа эерэг өөрчлөлтийг бий болгох, төрийн албаны үнэт зүйлсийг эрхэмлэн хүндэтгэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохын зэрэгцээ, мөн төрийн бусад байгууллагуудад үлгэрлэн, манлайлахад ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа талаар тэмдэглэн хэлж байсан нь онцлог байлаа. Мөн Монголын түүх, уламжлал, ёс заншил болон агентлагийн түүхэн хөгжилд хамаарах асуултуудаар бэлтгэсэн уралдаант АХА тэмцээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчдын дунд зохион байгуулагдлаа.
Уралдаант АХА тэмцээнд тус агентлагийн Орон тооны гишүүн С.Цогтгэрэл тэргүүн байр эзэлж мөнгөн шагналаар шагнагдсан юм. Түүнчлэн өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим албан хаагчдыг шагнаж, урамшууллаа. Тухайлбал Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын даргаар ажиллаж байсан Ц.Лхагвасүрэн, Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг, Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нарыг “Хэрэглэгчийн төлөө” хүндэт тэмдэг, Зах зээл судалгааны газрын дарга Р.Сарантуяа, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Цэрэндулам нарыг “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнасан байна.
ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР
Холбоо барих утас:70001285