“Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг УИХ-ын чуулганы хуралдаанаар өнгөрсөн оны зургадугаар сарын 8-нд баталсан.
Монголбанкны алдагдал жилд 2-3 дахин нэмэгдсэнээр 2012-2016 онд 3,019.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн байна.
Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон, уг хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулж, гэрээний үүргийг зөрчсөн нэр бүхий 45 аж ахуйн нэгжид гэрээнд заасан хариуцлагыг тооцох буюу нийт 369,5 тэрбум төгрөгийн зээлийг хэрэглэсэн хугацаагаар нь арилжааны банкны зээлийн хүүд шилжүүлж, зөрүүг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, Монголбанкинд даалгахаар болсон. Энэ бол өнгөрсөн жил яригдаж байсан асуудал. Харин энэ мөнгийг хэзээнээс нөхөн төлүүлж эхлэх нь тодорхойгүй байна.
Энэ мэтчилэн төсөл хөтөлбөрүүдэд илэрсэн зөрчилтэй холбоотойгоор УИХ-ын Төсвийн Байнгын хорооны 2017 оны 6 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны A/06 дугаар тушаалын дагуу “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааны үр дүн”-д хийх гүйцэтгэлийн аудитын үйл ажиллагааг 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр эхлүүлсэн юм. Ажлын хэсгээг Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн дийлэнх нь импортыг дэмжсэн, улмаар гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлсэн хөтөлбөрүүд байсан гэх дүгнэлтийг гаргасан байгаа.
Монголбанкны 2012-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийх болсонтой холбогдуулан үйл ажиллагааг нь шалгаж, аудитын дүгнэлт гарсан. Монголбанкны 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд PWC гэдэг олон улсын компани аудит хийж дүгнэлт гаргасан байдаг. Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн, доктор профессор Л.Дондог энэ талаарх ярилцлагадаа “Монголбанк 2014, 2015 он болон 2016 оны эхний хагаст Засгийн газрын хэрэгжүүлбэл зохих олон хөтөлбөр зарласан. Тухайлбал, “Үнэ тогтворжуулах”, “Сайн” хөтөлбөрүүд юм. Эдгээр хөтөлбөрт зориулж маш их хэмжээний мөнгө гаргаж зах зээлийн ханшаас доогуур хүүтэйгээр компаниудад зээл олгосон. Алдагдлын эх сурвалж нь үүнтэй холбоотой байна. Үүнийг PWC аудитын компани нотолж байна.” гэсэн юм.
Гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монголбанкны Ерөнхийлөгч асанг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн хоёр, 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.