Арав гаруй жилийн өмнө улстөрчдийн саалийн үнээ “Эрдэнэт” үйлдвэр байлаа. Харин одоо ХХААХҮЯ улстөрч, эрх баригчдыг сангийн мөнгөөр угжиж, сайд тэргүүтэй албан тушаалтнууд нь өөрсдийгөө жил бүр хэдэн сая төгрөгөөр урамшуулж байсан баримтууд ил болж байгаа.
ЖДҮДС нь эрх мэдэлтнүүдэд жилийн 3 хувийн зээл нэртэй “урамшууллыг” хэдэн тэрбумаар тарааж байсан бол ТЭДС нь дэмжлэг нэртэй хүүгүй зээлийг тусгайлан сонгосон хэдхэн компанид хэдэн зуун саяар нь өгсөн нь аудитын болон бусад баримтуудаар гарч ирж байна. Баримт сөхвөл ХХААХҮЯ нэртэй “саалийн үнээг” саяхнаас биш 2000 оны эхэн үеэс л улстөрчид “сааж” эхэлснийг дараах урамшууллын баримтаас харж болно.
ТЭДС-аас сайдаасаа эхлээд ажилтнууд нь хувааж авсан 2 сая төгрөгөөс эхлээд 15 сая төгрөг хүртэлх урамшууллыг одоо харахад багахан мөнгө санагдах ч 13 жилийн өмнөхөөр тооцвол 2 сая төгрөг гэдэг бараг л одоогийн 20-30 сая төгрөгийн хэмжээний үнэ цэнэтэй байлаа.
ҮАГ-ын 2010 оны шалгалтын тайлангаас харахад тухайн үейин сайд, Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, удирдлага, ажилтнууд 2005-2008 оны хооронд 357 сая төгрөгөөр өөрсдийгөө урамшуулжээ. Яамны дэргэдэх ТЭДС бол тухайн үедээ төрийн байгууллага гэсэн статустай байсан. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байсан. Гэтэл тухайн үеийн яамын төсвийн ерөнхийлөн захирагч буюу ХХАА-н сайд Ц.Ганхуяг /12 сая/, Д.Тэрбишдавга /14 сая/ нарын хүмүүс тухайн оны санхүүгийн тайлан балансаар гарсан төлөвлөгөө давсан ашгийн 15 хувиар тооцон ТЭДС-аас энэхүү урамшууллыг авдаг байсныг ҮАГ-аас хийсэн шалгалтын тайланд дурджээ.
Эх сурвалж: tvmongolia.mn
2 comments
Бүгдээрээ луйварчид байгаа тул орвонгоор нь төрөөс зайлуулах цаг болсон байна.
Бүгд л адилхан учраас бүгдээрээ огцрох нь зөв