Саяхаан л бид нийтээрээ нийгмээрээ 1990 онд хийсэн Ардчилсан хувьсгал, Монголын ардчиллаар бахархаж байлаа. Харин одоо нүдээ нээж хараад ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдсэн нийгэм, бохир улс төр, авлига шургалсан, шударга бус тогтолцоо руу яваад орсноо нийтээрээ ухаарав. Яагаад тэр вэ?
Нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжсэн тэр он жил, тэр өдрүүдээс хойш бид хүний эрх, эрх чөлөө гэдэг үгийг маш их ярьсан хэрнээ хариуцлага гэдэг юмаа хөсөр хаячихсан юм байв. Уг нь эрх чөлөө, хариуцлага хоёр нэг зоосны хоёр тал. Бид нийтээрээ зоосны нөгөө талаа олж харалгүй нэгийг нь аваад давхичихаж. 1990 онд малчид малаа хувьчилж авчихаад гэртээ туугаад ирсэн. Хотынхон байраа хувьчилж авчихаад хаалгаа түгжээд суучихсан. Баахан мал хувьчлаад авсан, нэгдлийн биш хувийн мал хариулах болсон малчид малаа услах худаг байхгүйг хожуухан олж харсан. Худгийн трубаг мөнгө хөөгсөд суга татаж аваад төмрийн наймаачдад зарчихсан.
Худаг тоногдоод шавар сууринаас өөр юмгүй, эвдэрхий тэвш болоод үлдсэн байлаа. Байраа хувьчилсан хотынхон энэ үед байр бол манайх, орц нь харин танайх гээд хүнийрхээд сууцгааж байсан юм. Малаа услах худаггүй, эмчлүүлэх эмнэлэггүй болсон малчин “Хүүе, миний худаг хаана байна, нөгөө мал эмнэлэг хаана байна аа” гээд төрөөс нэхээд эхэлсэн. Харин орон сууцанд ажин түжин амьдарсан хотынхон цэвэр бохир ус, хог гэх мэтчилэн үүссэн ахуйн хүндрэлээ шийдэх гээд төр хаачив хэмээн санааширч эхэлсэн юмдаг.
Энэ мэтчилэн сонин сонин хямралуудтай бид нүүр тулсан билээ. Эрх чөлөөг бол хамгийн сайн хөөсөн хэрнээ хариуцлагаа ор тас марТсан 90 оноос хойших он жилүүд биднийг юунд хүргэв ээ? Улс орноо АН болон МАН гэсэн хоёр улс төрийн намд өгч, тэр хоёргүй бол амьдарч чадахааргүй сульдан доройтох юм шиг бэртэгчин улс төрчдийг төрүүлчихсэн байх юм. Дагаад нийгмээ АН болон МАН гэсэн хоёр ертөнцөд хуваагаад тавьчихжээ. Улс төрийн олон намын тогтолцоо бий болсон эхний жилүүдэд шинэ гишүүд нь Ардчилсан намыг эрх чөлөөний мэдрэмжээрээ илүү гэж сонгодог. Харин хариуцлагын мэдрэмжийг илүүд үзсэн нь Ардын намыг сонгодог байсан.
Ардын нам ядаад хариуцлагын тогтолцоогоороо илүү харагдаж байсан бол одоо энэ намаас хариуцлагын тогтолцоог нэхэх нь илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, хийгээгүй ч сэгсэрнэ гэдэг үгтэй ижил хэрэг болж. Хариуцлага гэдэг үг сүүлийн өдрүүдэд маш их яригдаж байна. МАН-ын үймээнтэй холбоотойгоор яригдаад байна л даа. Улс төрийн намыг төлөвшүүлсэн, гишүүнээр элссэн хүмүүст байсан энэ улс төрийн мэдрэмж, энэ үнэрүүд цаг хугацааны явцад арилж, намуудын хаалгыг зөвхөн албан тушаал, эрх мэдэл, мөнгөнд шунасан хүмүүс татдаг болжээ. Ийм цуваа үүссэнээс бид хариуцлагагүй эрх чөлөө рүү гүн бат гулсаад орчихож.
Өнөөдөр мөнгөний үнэр, хариуцлагаас илүү хүчтэй болсон байна. Заан бүхэл бүтэн 25 километрийн цаанаас усны үнэрийг үнэртдэг гэдэг шүү дээ. Одоо бол мөнгөний үнэрийг заанаас ч илүү, бүүр хаа холоос ч үнэртээд түүн дээр шаваад, цуглаад ирдэг тэр өмхий самхай үнэр гаргагч нь нам болжээ. Ардчилсан нам бол арзалзсан, хэрэлддэг, гэхдээ тэр нь бас ард иргэдэд ил байдгаараа зүгээр улс төрийн хүчин, Ардын нам бол нэг толгойд захирагдаж чаддаг сахилга баттай нөхөд, заримдаа хэрэгтэй гэж энэ хоёр намыг иргэд УИХ-ын сонгуульд ээлжлэн сонгосоор өнөөг хүрсэн. Нийгэмд үнэт зүйл, бэлгэдэл, үзэл баримтлалаараа туг хийн манлайлж явах ёстой удирдагч намуудын нэр хүнд өнөөдөр түүхийн хугацааныхаа хамгийн доод түвшинд ирээд байна. Тэднийг үнэлж хүндлэх сонгогчид бараг үгүй болж байна.
Эргээд он жилийн хуудсаа харахад, бид ялагдсан намыг орхиод ялсан намд юу болж байгааг үзэж, сонсоод үнэндээ хөөсөн дээр хөвжирсэн байх юм.Намууд одоо үзэл баримтлалаа ор тас мартуулсан мөрийн хөтөлбөр нэртэй амлалтын том жагсаалтаар сонгогчдоо хуурахаа больчих. Түүнийг нь биелэхийг хүлээнэ ээ гэвэл Лусын хааныг урьж авчрах хэрэгтэй болох гээд байна. Ардын нам баасан дээрээ халтирч байна. Бэлгэ тэмдэг нь гол хүч нь болж ирсэн нэг толгойтой байсан зураглал нь унан хийсэж байна.
Энэ нам уг нь нээх гадаад имижтэй болох гэж Баабарын шоолсон сармагчингийн хошногыг санагдуулах зургийг биш харин оронд нь ганц толгойтой могой ч юмуу дүрслэн тугаа хийх байсийм. Тэгсэн бол өнөөдөр ойлгоход амар байхсан. Өнгөрсөн хугацаанд намуудаас хэн ч, нэг ч удаа хариуцлага нэхэж байсангүй. Тус тусдаа өөр өөрсдийн эрх чөлөө хөөгөөд, өөрийн хариуцлагаа ч мартсан хүмүүс яаж улс төрийн намаас хариуцлага нэхэж мэдэх юм бэ? Тиймээс одоо үүсээд байгаа энэ зодоон бол ямар ч дүрэмгүй зодоон болж таараад байна.
Зоригтойд нь толгой, ах зах алга, толгойтойд нь зориг алга харагдаж байна. Ойд төөрсөн сармагчин шиг болохоосоо өмнө эхлээд бүгдээрээ эрх чөлөө, хариуцлага хоёр нэг зоосны хоёр тал шүү гэдгийг толгойдоо хийж аваад урагшлая. Хүн бүхэнд дахин шинэ эрх чөлөө хайрласан сошиалын давалгаа энэ дэлхийг нөмрөөд арав гаруй жил болсны хаялга монголд аль хэдийн орж ирээд түрлэгээ нэмсээр байна. Энд хувь хүмүүсийн хариуцлага хамгаас чухал.
Мажигийн ТУНГАЛАГ