Өчигдөр болж өнгөрсөн “Эрсдэлийн форум’’-ын үеэр эдийн засагчид ирэх онд учирч болох гурван юм эрсдэлээр валютын ханшийн өсөлт, цахим аюулгүй байдал, түүхий эдийн ханшийн уналтыг нэрлэлээ. Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Валютын ханшийн өсөлт бол манай улсын бизнес эрхлэгчдэд, иргэдийн хувьд маш том эрсдэл. Валют, үндэсний мөнгөн тэмдэгтээ тогтвортой, хүчтэй байлгах нь аливаа улс орны эдийн засгийн суурь бодлого, зарчим байдаг. Манай улс валютын ханшаа алдаад байгаа нь төсвийн бодлого, намуудын популист амлалт, түүнийг хэрэгжүүлэх гэсэн үргүй зарцуулалттай холбоотой.
Нөгөө талаас улс орны эдийн засгийг тогтворжуулж экспортод суурилсан үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулдаггүй. Зөвхөн нүүрс, төмрийн хүдэр гэсэн байгалийн баялагт найдсан эдийн засагтай байна. Үүнийг анхаарахгүй бол ханш унах явдал зогсохгүй, гарсаар л байх болно. Ийм учраас нам гэдэг ойлголтоо болиод төр засаг ойлголт руугаа шилжье. Төр засаг нь экспорт суурьтай эдийн засгийг бий болгоё. Түүнд монгол хүний оюуны бүтээлийг экспортыг бий болгох тухай асуудал багтах ёстой” гэсэн.
Мөн тэрбээр “Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн ханш Хятадын эдийн засаг саарснаас болж унах магадлалтай байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засгийг Хятадын эдийн засагтай хэт хамааралтай байна гэж зөндөө ярьсан. Харамсалтай нь энэ хамаарлыг бууруулахын тул дорвитой зүйл хийсэнгүй. Хоёрдугаарт, Хятад гэдэг дэлхийн хоёр дахь том зах зээл. Үүнээс АНУ-ын эдийн засаг ч мөн хамаарч байна. Ийм байхад манай эдийн засаг Хятадаас хамаарч байгаа тул үүнийг ухамсрын түвшинд ойлгон Хятадын эдийн засгийг судалдаг судалгаа шинжилгээний институц байгуулах шаардлагатай. Хэрэв Хятадын эдийн засаг унах гээд эхэлбэл яах вэ гэдгээ тооцох хэрэгтэй” гэлээ.
Харин Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч О.Батцэнгэл “Улс үндэстний цахим аюулгүй байдлын индексээр манай улс 164 орноос 104-д жагссан. Энэ нь улсын хэмжээнд цахим аюулгүй байдлын түвшин сул байгааг харуулж байна. Цахим аюулгүй байдлыг хангахад банкууд болон үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компаниуд илүү анхаарлаа хандуулдаг бол бусад төрлийн бизнесийн байгууллага төдийлөн хангаж чадахгүй байна. Хэдийгээр өндөр үнээр технологиуд авч, үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэх гэх мэтээр технологио шинэчилж байгаа ч аюулгүй байдлаа хангах талаа орхигдуулаад байгаа юм.
Зарим байгууллага дотоод мэдээллээ нууцлах нь мэдээллийн аюулгүй байдлаа хангаж байна гэж ойлгодог бол зарим нь вирусийн эсрэг программ, ямар нэг технологи худалдаж авах нь мэдээллийн аюулгүй байдал гэж ойлгодог. Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлаа хангана гэдэг нь технологидоо хөрөнгө оруулахын зэрэгцээ мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, боловсролыг ч дээшлүүлэх явдал бөгөөд эдгээрийн уялдаа холбоог хангах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх нь чухал” гэв.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин