2008 оноос “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байгаа билээ. 2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авчээ. 2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан бол 2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан байна.
ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн боловч эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар энэ асуудлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй тул Монголбанк 2008 оноос хэрэгжүүлж байгаа уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ.
2017 оны улсын төсвөөс 111 тэрбум төгрөг, 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлжээ. Ипотекийн зээл нь улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3578 иргэн орон сууцтай болжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжүүлэлтэд 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7300 иргэн орон сууцтай болсон ба оны эцэс гэхэд энэ тоо нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана гэж албаныхан үзэж байна.
Өнөөдрийн байдлаар Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг, Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийснээр сардаа 30 тэрбум төгрөг арилжааны банкуудад очно. Монголбанк зээлийн хүүгээ 4 байсныг 1 хувь болгосноор арилжааны банкны санхүүжилтийн эх үүсвэр хямдарна. Ингэснээр арилжааны банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж 200 тэрбум төгрөгт хүргэвэл сардаа 50-60 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлийн хүртээмж нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.
Өнгөрөгч тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийжээ. Судалгаагаар нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган иргэн байгаа гэж гарсан байна.
Иймд Барилга, хот байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болжээ. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгасан гэнэ.
1 comment
шаа