Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ үед Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.
Мэдэгдэл
Монголчууд аа, Эх оронч, шударга иргэд ээ!
Монголын улс төрийн МАН, АН намууд иргэдээ талцуулж, зөрчилдүүлж, бүр хагалан бутаргаж, дайсагналцуулж, үр дүнд нь нам дамжсан олигарх бүлэглэл төрийн эрх мэдлийг гартаа хийж улс орны баялгийг цөлмөн гадагш зөөж байна.
МАНАН-гийн олигархууд төрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан байгалийн баялгийг завшиж эх орныг минь гаднынхны эрхшээлд, эдийн засгийн хямрал, өрийн сүлжээнд оруулж 3 сая иргэдээ ядуурал, ажилгүйдлийн далайд живүүлж байна.
Монгол Улсын нь жилийн төсөв 3.5 тэрбум доллар байхад оффшорчдын хулгайлсан мөнгө хилийн чанадад гарсан 17 тэрбум доллар байна . Арван долоон тэрбум доллар бол асар их мөнгө! Энэ нь Монгол хүнд 14-15 сая төгрөг оногдож байна. Гэтэл монголын гадаад өр 25 тэрбум доллар болж дөнгөж төрсөн өлгийтэй хүүхэд 20 сая төгрөгийн өртэй болжээ
Монгол цустай эсэх нь эргэлзээтэй хэдхэн олигархууд монголын газар нутаг, байгалийн баялгийг гаднынханд худалдаж завшсан мөнгөө оффшор банканд нууж, бидний үр хүүхэд ач, зээ хойч үе минь ямар ч баялаггүй ухсан нүх, улаан шороотой үлдэж, эх орон, тусгаар тогтнолоо алдаж, гадны колони орон болох зам руу хөтөлж байна
Бидний эрхэм зорилго бол туурга тусгаар Монгол улсыг хөгжүүлэх, Монгол хүн бүр эх орондоо чинээлэг баян тансаг, хангалуун жаргалтай амьдрах явдал бөгөөд төр засгийн бодлого, үйл ажиллагаа нь монгол хүн таны төлөө байж бас шударга ёсыг сэргээн тогтоох явдал юм.
Гэтэл төр засаг олигархын гар хөл болж, хуулиар хүлээсэн үүргээ умартан оффшорт нуусан эрх баригчдын мөнгө, хөрөнгийг татан авчрах шийдвэртэй арга хэмжээг өнөөг болтол авалгүй тэр ч байтугай Монгол төрийн албыг 60 тэрбум төгрөгийн үнэлгээнд оруулж үнэ хаялцуулж, худалдаж авлигад хавтгайран идэгдэж, гэмт хэргийн үүр уурхай болоод байна.
Ард түмнээ талцуулсан улс төрийн намуудын хууль бус үйлдэл, сонгуулиар ядуу иргэдийнхээ саналыг худалдан авч төрийн эрхэнд гарсан МАН,АН түүний ивээлд нь оршигч олигарх бүлэглэл төрийн албыг арилжааны хэрэгсэл болгож, төрийг дампууруулсан хууль бус үйлдлүүд шил шилээ даран газар сайгүй гарч, хууль ёс, шударга ёс алдагдаж байгааг бид зүгээр хараад суух эрхгүй.
МАН,АН бүлэглэл Чингэсийн төрийн гал голомтыг самарч төрийн албаар тоглож цадиггүй авирлаж байна.
2016 оны УИХ-ын сонгуулиас хойш хэдхэн сарын дотор 22000 гаруй төрийн албан хаагч ажлаас хомрогдон халж амьжиргааны эх үүсвэргүй болов. Гэр бүлээрээ ажлаас халагдаж орлого үгүй болж зарим нь гадаадад цагаачлахаас өөр аргагүйд хүрч байна. Хэт улс төржсөн нийгэмд ажлаас халагдсан төрийн албан хаагчид амь насаараа дэнчин тавьж эсэргүүцэл илэрхийлж байна. Тухайлбал: Завхан аймгийн Тэс сумын засаг дарга амиа егүүтгэсэн, Идэр сумын төрийн захиргааны нягтлан бодогч өөрийгөө галдан шатаасан аймшигт явдлууд төр яаж дампуурч, ялзарч байгаагийн бодит жишээ мөн.
Цөөхөн монголчуудаа талцуулан, зөрчилдүүлж улмаар амь насыг егүүтгэхэд хүргэсэн МАН, АН буруутай. Эдгээр намын жирийн гишүүд ямар ч буруугүй.
Эх орныг минь ийм байдалд хүргэн Монгол төрийг минь самарч, байгалийн баялгийг минь цөлмөсөн МАН,АН-гийн олигарх бүлэглэлтэй хийх хатуу ширүүн тэмцэлд босохыг Монголчууддаа уриалж байна.
Монголын хууль хяналтын байгууллага АТГ, Цагдаа,Тагнуул, Прокурор, Шүүх олигархын гар хөл болж шударга иргэд, ард түмнээ мөрдөн мөшгөж, эрүүдэн шүүхээ Зогсоохыг бид шаардаж байна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевиз, сонин, сайтууд хаалтын гэрээ хийж олигархуудад мөнгөөр үйлчлэх бус харин ард түмний эрх ашгийг төлөө хамтдаа тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.
Үүний тулд эх орондоо хайртай монголчууд бүгдээрээ хамтран шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэлд босоцгооё.
Бид бусад улс төрийн хөдөлгөөн , ТББ-уудтай хамтран 2017 оны 4 дүгээр сарын 15-наас эхэлж хугацаагүй улс төрийн суултыг хийж, офшорчид авлигачид, газрын наймаачдыг Монгол төрөөс зайлуулах, шударга сонгууль явуулахыг шаардах болно.
Бидний өмнө эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хадгалан үлдэх нэн чухал, хариуцлагатай цаг үе тулгараад байгаа тул Монгол хүн та нам эвсэл, үзэл бодол үл харгалзан эх орон, ирээдүй үр хүүхэд, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө нэгдмэл бодлоготой, хариуцлагатай шинэ төрийг бий болгохын төлөө санаа зорилгоо нэгтгэн тэмцэхийг уриалж байна. Бидэнтэй нэгдэхийг уриалж байна.
Эцэг өвгөдөөс бидэнд бүрэн бүтэн өвлүүлсэн, өлгий сайхан монгол орон, газар шороо, баялгаа хамгаалан тэмцье. Босоцгооё.
- Оффшор бүсэд байрласан Монголын баялгийг нэн яаралтай буцаан татаж иргэдээ өрийн дарамтаас чөлөөлж, нам дамжсан олигарх луйварчдыг төрөөс зайлуулах хүртэл тэмцье. Жагсъя. Улс төрийн суулт хийе.
- Улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж нам дамжсан олигарх луйварчдыг төрөөс зайлуулъя. Үндсэн хуулийн хувьсгал хийе. Нам төвтэй төрийн тогтолцоогоо өөрчилье.Үүнийг ард түмнээсээ асууя, тэднээр хэлэлцүүлье. Төрийн албан хаагчдыг намын харьяаллаар ажлаас халдаг хэлмэгдүүлдэг, байдлыг таслан зогсооё.
Төрийн тогтолцоогоо эрүүл, шударга болгож, үндсэн хуулийн хувьсгал хийснээр монгол хүн, баялагтаа эзэн байх, баян чинээлэг амьдрах үүд хаалгыг нээж эрх чөлөө, шударга ёсыг тогтоох болно.
Монголчуудаа: Та бүү ай, бүү хойш суу, бид тэмцэхгүй бол маргааш гэхэд оройтно.
Бид эх орон ард түмнийхээ төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэх болно.
Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо
1 comment
Tur, Nam neriin dor idej uuhiig , tansaglahiig hatyy horiglog éstou. 45hyrtel ulsturt orohiig horigloeoo