Германы хөлбөмбөгийн “Боруссия Дортмунд” багийн тоглогчидын сууж явсан автобус халдлагад өртжээ. Энэ үеэр 26 настай испани тоглогч Марк Бартрагийн бугуйн яс нь хугарсны улмаас хагалгаанд орсон гэж тус багийн албан ёсны твиттер хаягт бичжээ.
Тус багийнхан Аваргуудын лигийн шөвгийн наймд Францын “Монако” багтай тоглохоор Дортмунд хотын цэнгэлдэх хүрээлэн рүү явж байжээ. Дэлбэрэлт өчигдөр (2017.04.12) орон нутгийн цагаар 19:00 цагт болсон бөгөөд автобусны цонхнууд хагарсан гэдгийг цагдаагийнхан мэдэгдсэн байна. Дортмунд хотын Цагдаагийн газрын дарга хэвлэлийн бага хурлын үеэр дэлбэрэлтийг тус багийнхныг онилон үйлдсэн гэж үзэж байгаагаа хэлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар багийн гишүүд зочид буудлаас гарч автобусаар хөдөлсний дараахан дээрх хэрэг болсныг хэлж байгаа аж. Энэ явдалаас болж тоглолтыг орон нутгийн цагаар лхагва гарагийн 18:45 цаг хүртэл хойшлуулжээ.
“Боруссия Дортмунд” баг одоогоор Бундеслигийн тэмцээний хүснэгтийн дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм.