Гадаад оффшорчдын бодлого “Хас” банкинд үүрлэжээ хэмээн “Өргүй Монгол 218.1” хөдөлгөөнийзүгээс мэдэгдлээ. Монголчууд Монгол төрийн идээ бээр болсон оффшорчдын эсрэг дайн зарлаад байгаа энэ үед Хас банктай холбоотой энэ мэдээлэл яах аргагүй анхаарал татаж байна. Гэхдээ энэ асуудал дөнгөж саяхнаас яригдаад байгаа юм биш. Харин юманд хэмжээ хязгаар гэж байдаг бол тэр нь болоод ийнхүү иргэд дуугарч байгаа биз ээ. Т.Баярхүү нарын эрхмүүд хэлэхдээ Монголд дотоодын оффшорчдоос гадна гадны оффшорчдын мөнгө хүүлэх бодлого хүчтэй нөлөө үзүүлэх болсон бөгөөд гадаад оффшорчид Монголчуудад хүүтэй доллар зээлж Монгол төгрөгийн ханш унах тусам долларын ханш өсөж иргэд доллараар авсан зээлээ хэдэн зуу дахин нугалж төлж байна хэмээн хэлцгээж байсан.
БЗД-ийн иргэн Д.Мөнхгэрэл гэж хүн хэлэхдээ “200 сая төгрөгөөр байр авахаар урьдчилгаа 40 сая төгрөгийг төлөөд үлдсэн 160 төгрөгийг банкнаас зээлэхээр болсон.2011 оны долдугаар сард “Хас банкнаас” 160 сая төгрөгийн зээлийн хүсэлт тавьсан. Гэтэл Хас банкнаас манайх төгрөгөөр шийднэ гэчихээд зээл батлагдтал доллараар батлагдчихсан байсан. Тэгээд 20 жилийн хугацаатай долларын зээлийг 00.1%-ийн хүүтэйгээр авсан. Гэрээнийх нь дагуу 160 сая төгрөгний зээл авсан хүн 320 сая төгрөгийг төлөөд одоо цаана нь 108 мянган ам.долларын өрөнд орчихоод байгаа. Цаашид төлж дуусах хүртэл бараг тэрбум төгрөгийн өрөнд орчихсон. Долларын ханшийн зөрүүнээс Монголчууд маш их алдагдалд орж байна. Хэрвээ Монголд бүх зүйл төгрөгөөр шийдэгддэг бол өнөөдөр би ийм байдалд орохгүй байх байсан. Над шиг ийм нөхцөл байдалд орсон хүн маш их байгаа. Хас банкинд 218.1 –д зааснаар хуулийн дагуу би авсан үеийн ханшаараа зээлээ төлнө гэхээр хүсэлтийг маань цуцлаад одоо үеийнх нь ханшаар төлөхыг шаардаж байгаа. 218.1-т заасан хуулийн дагуу Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэр дээр авсан зээлээ тухайн үеийнх нь ханшаар төлөх ийм л шаардлагыг тавьж байгаа. Шүүхэд хандаж шүүх хэрхэн шудрага шийдвэр гаргахыг харах болно” гэсэн юм.
За харин “Өргүй Монгол 218.1” хөдөлгөөнийг санаачлагч Г.Ганбат “Харийн оффшорчдын Монголд байгуулсан банк өнөөдөр Монголын ард иргэдийг мөлжиж байна. Дотоод гадаадын оффшорчдод уусч дууслаа. Гадаад оффшорчид Хас банкинд үүрлэж иргэдийг дээрэлхэж Монголын хуулийг уландаа гишгэлж байна. Монгол төгрөгний ханш унах тусам авсан зээлээ хэд дахин болгож төлдөг механизм бүрдчихлээ. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол Монгол Улсын иргэд авсан зээлээ насаараа төлж зарим нь бүр шантраад амиа хорлох тохиолдол ч гарсаар байна. Монгол мөнгөний ханшийн уналт иргэдэд хүчтэй нөлөө үзүүлж дээрээс нь гадаад оффшорчдын дарамтанд нэвчсэн байгаа. Хас банкны долларын зээлийн бодлогыг зогсоож Монголчууддаа Монгол төгрөгөөр үйлчилж зээлдэгчиддээ шударга хандахыг сануулж шаардах бичиг хүргүүлэх болно” гэсэн юм.
Тэгвэл тус хөдөлгөөний тэргүүн Б.Төмөрдөш “Саяхан оффшорчдын эсрэг том жагсаал болсон. Энэ жагсаал дээр манай ард түмэн нэг зүйлийг дутуу ойлгоод байна. Монголоос мөнгөө хулгайлаад гарсан оффшорчдын мөнгийг авчир гэж шаардлага тавиад жагсаад байгаа боловч Монголд харийн оффшорчид орж ирчихээд банк байгуулаад биднийг мөлжөөд байгааг ярихгүй байгаа. Хас банк бол 100 хувь оффшор банк. Өөрөөр хэлбэл даян дэлхийн хулгайч нар Монголыг эзэнгүйг далимдуулж өндөр хүүтэй мөнгө хүүлээд байж байна. Дотоодын болон гадаадын оффшорчдын бүрэн мэдэлд манай улс орчихоод байна. Дөнгөж сая Засгийн газар Евро бондын 600 сая долларын зээлийг Хуралдай бонд гэдэг нэрээр шинэчилж зээл сунгалаа гээд байгаа. Ам.доллар 1250 төгрөг байхад Сү.Батболдын Засгийн газар 600 сая доллар буюу 784 тэрбум төгрөгийн зээл авсан. Төгрөг 1250 байхад авсан 780 тэрбум төгрөгийн зээлийг 1.5 их наяд болгож дахиад 5.75 хувийн хүүг нь 8.75 хувийн хүүтэй болгож сунгачихаад гавьяа байгуулсан юм шиг сууж байна. Ирээдүйд ам.долларын ханш 3000, 4000 болоод ирэхээр энэ зээлийг бид төлж чадахгүй. Чингис Бондын 4.1 хувийн хүүг өнөөдөр ханшийн уналтаар тооцоод үзэх юм бол жилийн 89 хувийн зээл болчихсон явж байгаа. Дахин анхааруулахад оффшорчид Монголд орж ирээд үүрлэчихсэн, банкны эзэд болчихсон байна. Мөн тэд Монголын хууль эрх зүйн орчныг нулимаад Иргэний хуулийн заалтыг тоохгүйгээр зөрж харилцагч болон зээлдэгчдэд дарамт өгөх маягаар сөрөг нэхэмжлэл гаргаж, аваагүй зээлийг нь төлүүлэхээр улайрч байна.” гэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн