Өчигдөр (2017.04.11) орой 17-18 цагийн орчимд гранат дэлбэрсэний улмаас хоёр цэргийн албан хаагч амиа алдан, долоон хүн шархадсан. Энэ хэрэг Зэвсэгт хүчний Таван толгой дахь Сургалтын төвд гарсан билээ. Энд Зэвсэгт хүчний Энхийг сахиулах 3 дугаар мотобуудлагын батальоны албан хаагчид хээрийн сургалтанд гарч байсан аж.
Энэ асуудлаар өнөөдөр (2017.04.12) Зэвсэгт хүчний жанжин штабаас хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар хэлэхдээ энэ явдал 17:40 минутад гарчээ. Ослын шалтгааныг тодруулж, шинжээчийн дүгнэлт гарсаны дараа хэрэв буруутай бол Зэвсэгт хүчний штаб хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. Мөн амиа алдсан 355-р ангийн ахлагч Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв.