Манай улсад зориулалтын бус хуванцар сав олдоц ихтэй, үнэ хямд байдгаас айл өрхүүд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд өргөнөөр хэрэглэж байна. Хордлого судлал, эрдэм шинжилгээний нийгэмлэгээс 2015 онд гурван аймаг, Улаанбаатар хотын 297 өрхийг хамруулан явуулсан судалгаагаар нийт өрхийн 90 хувь нь 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар сав өдөр тутам хэрэглэдэг гэсэн дүн гарчээ.
Мөн хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалга ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1,800-6,900 дахин их байгааг тус тус тогтоожээ. Хар тугалга нь хорт хавдрын эсийг идэвхжүүлж, оюун ухааны чадамжийг бууруулан, хоолны дуршил муутгаж, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсгэн, хүүхдийн өсөлт, хөгжлийг сааруулах аюултай.
Формальдегид нь хоёрдугаар зэргийн аюултайд тооцогдох хоруу чанартай бодис бөгөөд гоо сайхан, хумс бэхжүүлэх бүтээгдэхүүн болон ариутгал, цэвэрлэгээний бодисын бүрэлдэхүүнд ордог, арьс салст болон амьсгалын замыг цочроох, арьсан дээр тууралт эрсдэлтэй юм. Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4 дахин, айрганд 4.4 дахин их бөгөөд худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44.9 хувь нь хуучин сав байгааг Эрүүл мэндийн яам анхааруулж байна.
Тиймээс хуванцар савны олон улсын тэмдэг, тэмдэглэгээний талаар мэдлэгтэй байх нь чухал. 2, 4, 5 дугаарын ногоон тэмдэглэгээтэй бол хүнсний зориулалтаар ашиглаж болно, хэрэглээг аль болох багасгах, 1, 6 дугаарын шар өнгөтэй бол хүнсний зориулалтаар нэг удаа ашиглах, дахин хэрэглэхгүй байх, 3 дугаарын улаан бол хүнсний зориулалтаар ашиглаж болохгүй, 7 дугаарын хөх өнгийн тэмдэглэгээтэй бол хуванцарын материалыг сайтар таньж мэдсэний дараа сонгон хэрэглэх боломжтой гэсэн үг юм.
Монгол Улсад 1958 онд БНХАУ-ын тусламжаар Налайхын шилэн лонхны үйлдвэр, 1970 онд хүнсний нимгэн картонон хайрцаг, цаасан уутны үйлдвэр, 1972 онд Финлянд Улсын хөнгөлөлттэй зээлээр Нийлэг уутны үйлдвэр тус тус байгуулж, дотоодын сав, баглаа боодлын хэрэгцээг хангаж ирсэн бөгөөд “Сав, баглаа боодлын нэгдэл” 1990-1996 онд банз, фанер, эслэг хавтангаар хайрцаг, хаягдал цаасаар өдөрт 250 кг боодлын бор цаас үйлдвэрлэж байжээ. Монгол Улс жилдээ 330 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэдгээс 30 орчим хувь буюу 70 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг гэсэн мэргэжлийн холбооны судалгаа байна.
Улсын хэмжээнд 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага төрөл бүрийн нийлэг уут, хүнсний зориулалттай хуванцар сав, бөглөө, картонон болон үелээт хайрцаг, цаас, даавуун тор, уут, хүнсний зориулалттай цаасан баглаа боодол, нийлэг шуудай, уул уурхайн даацын уут, нэг удаагийн хэрэглээний хоолны хэрэгсэл, шингэн бүтээгдэхүүний канистр сав, хаяг, шошго, бөглөө зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь суурилагдсан хүчин чадлынхаа 60 орчим хувийг ашиглаж буй үзүүлэлт юм. Гаалийн мэдээгээр манай улс 2014 онд дэлхийн 17 улсаас 160 тэрбум төгрөгийн сав, баглаа боодол, цаасан бүтээгдэхүүн, 100 орчим тэрбум төгрөгийн хаяг шошго импортоор оруулж иржээ.
2010-2015 онд импортоор оруулж ирсэн нийт хуванцар савны 97 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн бөгөөд түүний 91 хувь нь 20 литрээс бага багтаамж бүхий канистр байна. Иймд цаашид сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох, импортын ижил төстэй бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2021 он хүртэл уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэг өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоог 3-4 байгааг 1-2 болгон бууруулж, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх, сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг 50 хувьд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Хөтөлбөрт “Химийн бодисын хуванцар сав, торх, канистерыг хүнсний зориулалтаар ашиглуулахгүй байх зорилгоор Шинэ санаа-шилдэг шийдэл уралдаан зарлаж, дүнг нийтэд сурталчлах, түгээх” гэж заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний зориулалтын бус хуванцар саваар хийсэн бүтээлийг шалгаруулах уралдааныг зарласан билээ. Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах, зориулалтын бус савны хор холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүнсний зориулалтын бус савыг ахуйн зориулалтаар ашиглах шинэ санаа, санаачилгыг дэмжих, шилдэг шийдлийг тодорхойлох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилго уралдаанд сонирхсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр оролцох боломжтой.
Хэрэглэгч та хийсэн бүтээлийнхээ видео танилцуулга, зураг, текстийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох мэргэжилтэн batbaatar@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Уралдаанд тэргүүн байранд шалгарсан бол Сайдын батламж, 3 сая төгрөг, дэд байр эзэлсэн бол өргөмжлөл, 1 сая төгрөг, тусгай байранд шалгарсан бол өргөмжлөл, 500 мянган төгрөгийн шагнал олгох юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ