Өмнөд Сологос ба БНАСАУ-ын хилийн дагуу байрладаг харуулын байруудыг буулгах ажлыг өнгөрсөн ням гарагт эхлүүлсэн талаар “South China Morning Post” сонинд бичсэн байна.
Түгшүүртэй байдлыг намжаах төлөвлөгөөний хүрээнд тал тус бүрээс 10 буюу нийт 20 харуулын байрыг буулгах аж. Өмнө нь харуулын байруудаас ажилтнуудыг болон тоног төхөөрөмжийг гаргасан байна. Генералуудын уулзалтын үеэр өнгөрсөн сард тохиролцсоны дагуу энэ ажлыг хийж байгаа юм.
Гэхдээ 200 орчим харуулын байр, тодруулбал Өмнөд Солонгосын 50, Умард Солонгосын 150 байр үлдэх гэнэ.
Өмнөд болон Умард Солонгос хилийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн бүс дэх миныг устгасныг аравдугаар сарын сүүлчээр мэдээлж байсан юм. АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон энэ бүсийг “манай гарагийн хамгийн аймшигтай газар” хэмээн тодорхойлж байсан билээ. Харин одоо энэ бүсээс бүх галт зэвсэг, сум хэрэгслийг гаргажээ.
Умард, Өмнөдийн цэргийнхэн хилийн бүсийн мина устгах ажилдаа орсныг аравдугаар сарын 1-нд зарласан юм. Есдүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд Пхеньянд болсон хоёр солонгосын дээд хэмжээний уулзалтаар энэ тухай тохиролцоонд хүрсэн билээ. Энэхүү уулзалтын үеэр мөн хоёр улсын төмөр замын сүлжээг холбохоор шийдвэрлэсэн юм.
С.Инда