Монголын хөрөнгийн зах зээлд ногдол ашиг тарааж буй компанийн тоог нийт бүртгэлтэй хувьцаат компаниудын тоотой харьцуулахад 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдэдээ тараасан хөрөнгийн дүн огцом савлагаатай байсаар ирсэн. Одоогоор уул уурхай, худалдааны салбарын аж ахуйн нэгжүүд болох орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Жуулчин дюти фрий” зэрэг компаниудын ногдол ашиг тараалтын хэмжээгээр тэргүүлж байна. Энэ онд 26 компани хувьцааны ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Тухайлбал, “Тавантолгой” хувьцаат компани нэгж хувьцаа тутамдаа 2,410 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон.
Тус компани 2017 онд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд ТУЗ-өөс нь цэвэр ашгийн 94 хувь болох 126.9 тэрбум төгрөгийг тараах шийдвэр гаргасан юм. “Тавантолгой” компаний 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар эзэмшдэг. Тэгвэл “Жуулчин дюти фрий” компани нэгж хувьцаандаа 10,000 төгрөгийн ногдол ашиг хуваахаар тооцож, нийтдээ 653.6 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгожээ. “Монголын хөрөнгийн бирж”-ийн мэдээлснээр 2016 болон 2017 онд тус бүр 27 компани ногдол ашиг тарааж байсан юм. Гэхдээ ногдол ашиг хэлбэрээр хуваарилсан нийт мөнгөн дүн нь 2016 онд 15 тэрбум, 2017 онд 69.6 тэрбум байжээ.
Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах шийдвэрийг тухайн компанийн ТУЗ-өөс гаргана хэмээн заасан байдаг. Гэхдээ заавал ногдол ашиг хуваарилахгүй байж болох бөгөөд ингэхдээ яагаад хуваарилахгүй болсон үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд тайлагнах үүрэгтэй. Ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэртээ хэзээ хуваарилахаа тусгах бөгөөд тухайн өдрөө ногдол ашгийг төлөөгүй бол хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх эрсдэл үүсдэг байна.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин