Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн замд нүүрс тээврийн машины жолооч машиныхаа бүхээгт галд шатаж биеийн 97 хувь нь түлэгдэлттэй гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас баржээ.
Талийгаачийн ар гэрээс болон Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МТХГТАҮЭХолбоо хамтран өнөөдөр (2018.11.13) нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийсэн мэдээллийг бид хүргэсэн билээ.
Жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09:50 цагт “Эрдэнэс-Тавантолгой”-н уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” ХХК-ийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд 9-ний 02:00 цагийн үед машинд нь гал гарч бүхээг нь 100 хувь шатсан гэсэн мэдээллийг өгсөн юм. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан гэж үзэж байгаа аж. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс “Омог цагаан шонхор” компани нь техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс уг осол гарсан гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Харамсалтай нь бага насны гурван хүүхдийн аав ажил үүргээ гүйцэтгэж яваад ийнхүү галд өртөж, ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж байгаад шархаа даалгүй өнөөдөр нас нөгчлөө.