Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг “Хустайн” даваанд автомашинаас бие засах гэж буусан хүн сураггүй алга болсон тухай дуудлага энэ сарын 12-нд буюу өчигдөр иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 23:27 цагт очиж, зорчиж явсан 2 иргэнтэй хамтарч Хустайн Даваанаас урд чиглэлд төв замын дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн харъяат 47 настай иргэн А /эрэгтэй/ нь Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд /5 зорчигчтой/ иргэн Э-ын “Приус-11” загварын автомашинтай зорчиж байсан бөгөөд тэд сумын төвөөс зүүн урд зүгт 26 км-т явж байжээ.
Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газар гэртээ харихаар гарсан Дэлгэрхаан сумын харьяат 52 настай иргэн С /эрэгтэй/ сураггүй болжээ. Тэрээр “Таван салааны модон гүүрний хяналтын цэг”-ээс энэ сарын 8-ны 01:00 цагт гарсан аж. Тухайн газраас гэр хүртэл нь 1 км орчим зайтай юм байна. С-г сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 9-ний 08:24 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхэн болон орон нутгийн иргэдтэй хамт нийт 14 хүн эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 12-ны өдрийн байдлаар Хэрлэн голын Таван салааны модон гүүрнээс Жаргалант багийн “Гангын-Үзүүр” гэдэг газар хүртэл 9 км-т завьтай, 5 удаа гүний шумбалт хийж, мөн голын эрэг дагуу 4 км-т явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:40 цагт түр зогсоогоод өнөөдөр (2018.11.13) 09:00 цагт дахин эхлүүлжээ.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд загасчлахаар явсан 48 настай Ж /эрэгтэй/ сураггүй болсон дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар өчигдөр (2018.11.12) хүлээн авчээ. Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж нь энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай явсан бөгөөд түүнийг сураггүй болсон тухай дуудлага 19:43 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.