Монгол Улсын улс төрийн бие даасан байдал олон жилийн турш улстөрчдийн дундах авлига, хээл хахуулын сүүдэрт дарагдсаар иржээ. Өнгөрсөн долоо хоногт монгол төрийн бараг бүхий л манлайлагч, өндөр албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө залилсан хэргийн баримт ил болсон юм. Тус хэрэг нийгмийн цочроож, олон олон төрийн өндөр албаныхны үнэн төрх ар араасаа ил болж байгаа нь Монголын төр авлигалаас ангижрах бодит алхам хийх эхлэл байж мэдэх юм.
Жижиг дунд үйлдвэрлэгчдийг хөгжүүлэх сан
Монгол Улсын Засгийн газар 2009 онд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-г байгуулжээ.Тус сангаас жижиг дунд үйлдвэрлэгчдэд тав хүртэлх жилийн хугацаанд, хоёр тэрбум хүртэлх зээлийг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгодог аж. Сан нь Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд харьяалагддаг бөгөөд дээрх хэрэг ил болсоноос хойш тус яамны удирдлагуудад хариуцлагын асуудал хурцаар яригдаж байгаа юм.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэсрэлт
Улс төрчид эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээллийг олон нийтэд ил болгоход Ikon.mn сайтын сэтгүүлч Ч.Болортуяа болон түүний нөхөд ихээхэн үүрэг хүлээсэн. Сэтгүүлчдээс гадна Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Б.Отгонтөгс тэргүүтэй нийгмийн зүтгэлтнүүд эрх мэдэлтнүүдийн гэр бүл, ойр дотнынхны нэр дээр тус сангаас их хэмжээний зээл авсан болохыг илрүүлж нэгтэн жагсаалт болгон олон нийтэд дэлгэсэн юм.
Одоогоор тэдний дэлгэсэн жагсаалтыг холбогдох этгээдүүдийн хэн нь ч эсэргүүцээгүй нь жагсаалт 100 хувь үнэн болохыг баталж байна. Мөн жагсаалт ил болсноос хойш ард иргэдийн анхаарал дээрх нэр бүхий улстөрчдийн үйлдэл болгоныг ажиглаж, хариуцлага хүлээхийг шаардаж байгаа юм. Одоогийн байдлаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Б.Батзориг энэхүү хэрэгт хариуцлага хүлээн албан тушаалаа хүлээлгэн өгсөн ба Прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага тавьсан ч Монгол Улсын Их Хурлаар хэлэлцсэн ч дэмжлэг аваагүй юм.
Цахим орчин дахь эсэргүүцэл
Мэдээлэл задарсан даруй иргэд цахим орчинд эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж эхэлсэн. Нийгмийн сүлжээнд өнгөрсөн долоо хоногт #ЖДҮ хаштаг хамгийн олон давтагджээ. Мөн иргэдийг хамарсан хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон юм. Үүнээс харахад Засгийн газраас гарах шийдвэрээс хамааран олныг хамарсан үймээн самуун дэгдэх магадлал ажиглагдаж байна. Жагсаалтад багтсан улстөрчдийн ихэнх нь одоогийн УИХ-д олонх болсон МАН-ын гишүүд байгаа юм. Олон нийт намын гишүүдийнх нь энэхүү хууль бус үйлдэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргах шийдвэрийн тэвчээртэй хүлээж байна.
Өөрчлөлт эсвэл хувьсгал Жижиг дунд бизнес эрхлэгчид тус зээлийг авахын тулд олон шалгуур, шаардлагыг хангасны үндсэнд зээл авах материалаа мэдүүлдэг ч ихэнхи тохиолдолд татгалзсан хариу авдаг. Яам, Засгийн газарт танил талтай л биш бол тус зээлийг авах боломж огт байдаггүй тухай жагсаалтыг дэлгэсэн профессор Б.Отгонтөгс өгүүлсэн бөгөөд түүнчлэн “ЖДҮХ сантай адил 28 өөр төрлийн сан байгаа” хэмээн улстөрчдийн өөр олон булхай байгаа болохыг сануулсан юм. Энэхүү үйл явдал нь Монгол Улсын авлигын эсрэг тогтолцоонд шинэчлэл хийхийг шаардлага бий болсны илрэл бөгөөд иргэдийн эрх баригч хоёр намаас татгалзах байр хандлагыг улам нэмэгдүүлсэн явдал болж байна.