Улсын бүртгэлийн багц хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос цөөн асуултад хариулт авлаа.
-Улсын бүртгэлийн багц хууль энэ сараас хэрэгжиж эхэллээ. Иргэд хурууны хээгээ уншуулаад төрийн үйлчилгээ болон банкны үйлчилгээ авах боломжтой болно гэж байсан. Эдгээр шинэчлэлүүд хийгдэж амжсан уу?
-Энэ сарын нэгнээс эхлэн УИХ-аас баталсан Улсын бүртгэлийн хууль хүчин төгөлдөр болж эхэлсэн. Энэ хуулиар улсын бүртгэлийг иргэдэд нээлттэй, ил тод, үйлчилгээг чирэгдэлгүй, дараалалгүй хүргэж, ихээхэн төрлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийн хувийн болон өмч хөрөнгийн нууцлалын олон асуудлыг шийдсэн. Энэ сараас эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт харьяалал харгалзахгүйгээр иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг хэрэгжүүлж эхэлж байна.
Тухайлбал, төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцалсны, иргэний бүртгэл, гадаад паспортын бүртгэлийг өмнө нь дандаа харъяалал харгалзаж хийдэг байсан. Тэгвэл өнөөдөр аль ч бүртгэлийн байгууллагад хандаад иргэний үнэмлэхээ сэргээж болно. Иргэний бүртгэлийн 10, хуулийн этгээдийн бүртгэлийн хоёр нийтдээ 14 төрлийн үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт жигд үзүүлж эхэллээ.
Мөн гадаад паспортыг Улаанбаатар хотод 100 айлаас очиж авдаг байсан бол одоо нийслэлийн есөн дүүрэг, дөрвөн албан дээр очоод харъяалал харгалзахгүй бүртгэлийг авч байна. Энэ сарын 1-нээс эхлээд Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд хадгалагдаж байгаа нийт мэдээллийн 90 хувь нь иргэдэд нээлттэй болж байна. Burtgel.mn гэдэг сайт руу ороход өнөөдрийн байдлаар 10, он дуусахад 49 төрлийн мэдээлэл нээлттэй болно. Үүнд иргэний хувийн нууцад хамаарах мэдээлэл орохгүй.
-Тодруулбал, ямар төрлийн мэдээллүүд хаалттай байх бол?
-Өмнөх хуулиар ямар төрөл нь нээлттэй, ямар нь хаалттайг зааж өгөөгүй байсан учраас бүртгэл хаалттай байсан. Гурван төрлийн мэдээлэл хаалттай байгаа. Хурууны хээний өгөгдөл, гэрчийг хамгаалах заалт, хуулиар хамгаалагдсан зарим төрлийн тусгай хэрэгцээний үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл хаалттай байгаа. Зарим төрлийн мэдээллийг иргэн хүн өөрийн хүсэлтээр өөрөө тавьсан тохиолдолд нээлттэй болно.
-Тэгэхээр бүртгэлийн байгууллагаас үйлчилгээ авахад олон бичиг баримт нэхэхгүй гэсэн үг үү?
-Төрөөс үйлчилгээ авахдаа янз бүрийн гэрчилгээ шаардахгүй. Өмнө нь иргэд мэдээлэл авах гээд очихоор иргэний үнэмлэх, гэрлэлийн баталгаа нэхдэг байсан. Харин одоо бүртгэлийн байгууллагууд өөртөө байгаа мэдээллээ нэхэхгүй, шууд хурууны хээгээ дарж, иргэний үнэмлэх дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулна. Олон төрлийн гэрчилгээ нэхэхгүй. Нэг хүндрэлтэй тал нь Монгол Улсын татварын системээс бусад бүртгэлийн байгууллагууд үүнийг ашиглах хэмжээний системд хамрагдаж чадаагүй байна. Цахим бодлогын түр хороон дээр төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, асуулга тавьсан. Зөвхөн татварын байгууллага хурууны хээг ашиглаж, мэдээллээ солилцон, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх бололцоотой байсан. Бусад нь техникийн дутагдалтай, хүчин чадал муу зэрэг асуудал үүссэн.
-Иргэний үнэмлэхийн чип дээр мэдээлэл нэмэгдэх үү?
-Иргэний үнэмлэхийн чип дээр мэдээлэл нэмэгдүүлнэ. Ингэхдээ бүртгэлийн байгууллага ямар мэдээлэл оруулах талаар Засгийн газарт санал тавих хэрэгтэй. Зарим байгууллагаас эрүүл мэндэд шаардлагатай цусны бүлэг ч юм уу мэдээллийг тусгаж өг гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ бүхэн дэс дараатай хийгдэнэ. Иргэн хүн сайн дураараа иргэний үнэмлэх дээр мэдээлэл нэмүүлж болно.
-Гадаад паспортыг солино гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэзээнээс солих вэ. Үнэнд ямар нэгэн өөрчлөлт орох уу?
-Гадаад паспортыг солихгүй. Гурван төрлийн өөрчлөлт гарч байгаа. Харъяалал харгалзахгүй бүртгэлийн төв дээр гадаад паспорт авч болно. Хүүхдэд 5 жилээр, 16-аас дээш насны хүнд 10 жилээр гадаад паспорт олгоно. Нэг үгээр гадаад паспортны унгалт хийхээ байж байгаа. 2019 оны тавдугаар сараас чиптэй гадаад паспортод олгоно.
Эх сурвалж: Itoim.mn
1 comment
энэ бол мөнхоргилын хийх ажил, хэлэх үг бишээ. Сурвалжлагч нараа та нар ингэж энэ ичдэггүй хурлын гишүүдийг өөгшүүлэхээ болиочээ.