Энэ удаагийн шүүх хурал магадгүй дэлхийн хоёрдугаар дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх сүүлийн шүүх хурал байж мэдэх юм. Нацистуудын хорих газарт ажиллаж байхдаа хэдэн зуун хүний амийг хөнөөхөд оролцсон хэрэгт өчигдөр /2018.11.06/ 94 настай герман эрийг буруутган, шүүх ажиллагааг эхлүүлсэн байна. Өдгөө 94 насыг зооглосон тэрбээр тэргэнцэр дээр сууж, сонсгол нь муудсаны улмаас аппарат хэрэглэн, сөөнгө дуугаар шүүгчдийн асуусан асуултад арай ядан хариулж байжээ.
Түүний биеийн байдлаас нь шалтгаалан өдөрт хоёроос дээшгүй цаг мэдүүлэг авах замаар шүүх хурлыг ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлүүлэх юм. Тэрбээр 1942-1944 онд одоогийн Польшийн Гданск хотын ойролцоо байсан Штуттхофын хорих газарт хамгаалагчаар ажиллаж байжээ. Тус хорих газарт 65000 орчим еврей амиа алдсан тоо баримт байдаг. Хийсэн хэргийнхээ төлөө тэрбээр 10 жилийн хорих ял сонсох магадлалтай байгаа юм байна.
“Штуттхофт хоригдож байсан хүмүүсийг толгой руу нь буудах, хийгээр хордуулах, өлсгөх, хөлдөөх зэрэг маш олон аргаар, хэрцгийгээр хөнөөж байсан” хэмээн тус хэрэг дээр ажиллаж байгаа прокурор Брендел хэлжээ. Хохирогчдын талаас Израйл, АНУ-ын еврейчүүдийг төлөөлөн Кристофер Рүкэл гэх хуульч ажиллаж байгаа юм. Хэрэгтэн нь Штуттхофын хорих лагерт ажиллаж байх үедээ 21 нас хүрээгүй байсан тул өмнө нь болж байсан нацистуудын шүүх хурлуудаас чөлөөлөгдөж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны гэмт хэрэгтнүүдээс амьд байгаа цөөн хэд нь ийн өндөр насалцгаасан тул энэ удаагийнх нацистуудыг шүүж буй сүүлийн шүүх хурал ч байж мэдэх юм. “Нацистуудын хийсэн аймшигт гэмт хэрэг дахин давтагдахгүй байхын тулд бид хэрэгтнүүдийг шударгаар, алагчлалгүйгээр шийтгэж, тохирох ялыг нь оноох хэрэгтэй” хэмээн хохирогчдын талын өмгөөлөгч хэлжээ.
Эх сурвалж: Ройтерс агентлаг