Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаан 09 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар оролцлоо.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ОУВС-аас Оюу толгойн гэрээг сайжруулах, алтны татварыг нэмж, төсвийн орлогыг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгсөн эсэх, түүнчлэн 2017 оны төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлд валютын ханш, нэг ам, долларыг 2538 төгрөгөөр тооцсон нь хэр зөв тооцоолол байсан гэдгийг илүүтэй тодруулж байлаа.
Ажлын хэсгийнхэн, ОУВС-аас бидэнд валютын ханш тогтвортой байх ёстой гэсэн чиглэл өгсөн. Сангийн яамны хувьд нэг ам. долларын ханшийг 2538 төгрөг гэсэн нь 2017 он буюу бүтэн жилийн дундаж ханшаар тооцсон хэрэг. Мөн төсвийн орлогыг уул уурхайгаас хамааралгүй байхаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгөөд байгаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг засч сайжруулах, алтны татварыг нэмэх талаар яриа хэлэлцээрт хөндөгдөөгүй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулаад байгаа. Энэхүү ажлын хэсгээс тодорхой үр дүн гарна байх гэж хариулав.
Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Сумын төвийн шинэчлэлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүд суманд баригдах соёлын төвийн барилгын нэмэлт санхүүжилт болгох 756.6 сая төгрөгийг тус сумын 100 ортой эмнэлгийг барилгад шилжүүлж, ашиглалтад оруулах саналыг гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюу толгой, Тамсагийн ордын үйл ажиллагааг дээшлүүлэх, орлогыг нь Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 7.2-т заасан “Хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэсэн заалтыг хүчингүй болгох гэсэн санал нь дэмжигдсэнгүй.
Ингээд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.
Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхныг хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжүүлэн Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч салбарын яам бүр концессын гэрээ эрхлэх зөвшөөрөл олгох болсныг илүүтэй тодруулж байлаа.
Ажлын хэсгийнхэн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр Засгийн газраас тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаархи саналаа боловсруулахаар заасан байсан. Сангийн яамнаас энэ заалт дээр нэмж, санхүү төсвийн асуудал эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлдэг байхаар өөрчилсөн гэж хариуллаа.
Анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй ганцхан санал гарав. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь буцаах саналтай байсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжсэнгүй. Хуулийн төслийн талаар Байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хуралдааны төгсгөлд Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.