БИШКЕК–УЛААНБААТАРЫН СУНЖИРСАН БОДОЛ
Ахиж би гадаад явахгүй ээ. Ёстой шал дэмий. Шартсан хүн шиг болчих юм. Цалин багатай төрийн албанд олон жил ажиллахаар сүүлдээ бүр цалин авахаас ч айдаг болчихдог шиг дахиад гадагшаа явна гэж бодохоос зүрхээр ёгхийнэ. Юм үзэж, нүд тайлах сайхан ч – ямар аваад ирэх биш!
– Чингис хаан нисэх буудал дээр буугаад л сайхан зүүднээс сэрж, айдас гутралд автдаг маань одоо бүр сэтгэцийн архаг өвчин болчихлоо. Нэг уучихвал шараа тайлахаар олон хоног хусдаг нөхөд шиг л хямралаас гарах улам л хэцүү болоод байна. Өвчин маань даамжраад бүр эдгэх найдваргүй болчихсоныг мэдрээд байна. Нэг сэдрээд л, өвчин хөдөлчих юм бол Улаанбаатарын бүх юм аймшигтай, бохир заваан, бүдүүлэг, мангар тэнэг харагдаад, хүүхнүүдийн маань хамар хүртэл навтгар үзэгдээд хамаг юм шороо тоостой, өмхий үнэртэй, онгорхой траншейний нүх шиг л онцгүй санагдах юм.
Яаж би эерэг энергитэй, элдвийг бодолгүй амьдрах вэ? Хамгийн хэцүү нь: би юу ч хийж чадахгүй, зөвхөн зүхэл хараал л урсгаж чадна, би өөрчлөхийг хүсээд хэчнээн шүүмжлээд, муулсан ч бүх юм бахь байдгаараа л байна гэдгийг ойлгочихоод байгаад л байдаг нь хачирхалтай.
За, миний ухамсарын шанаа авах ч бүүр дүүрч, энэ хүүхдүүд л үүх түүхгүй, олигтой гудамж ч үгүй, аятайхан ургасан мод ч байхгүй, зохион байгуулалтгүй, эмх замбараагүй, энэ тэнд хог хөглөрсөн, золбин ноход сэлгүүцсэн, тухлаад суух сандал, орчин ч үгүй; хүйтэн цэвдэг, хайхрамжгүй сэтгэл ханхалсан, “архитектурыг алсан” хотод өсөж, том том ярьсан, бүдүүн баргийн хүмүүс болцгоолоо доо…
Гэхдээ, бас, Улаанбаатарт идээшихгүй шаналж, тархиа гашилгаж, өөрийгөө тамлаж байснаас хээгүй хайхрамжгүй байх нь ч дээр юм уу? Сэтгэл хангалуун улаанбаатарчууд зөндөө шүү дээ. Хилийн зурвас дээгүүр нааш цааш олон давдаг атлаа над шиг гажигтай болоогүй, амьдрах чадвар нь харх шиг, эсхүл чоно шиг хөгжиж бүрэн дархлаатай болчихсон улаанбаатарчууд их байдаг даа. Яг үнэндээ хэлэхэд, би тэднийг ерөөсөө ойлгодоггүй юм.
Ямар бөх зүрхтэй, бүдүүн хүзүүтэй хүмүүс вэ? Тийм хүмүүс “сохрын газар сохор, доголонгийн газар доголон” болдог чадвараа дээд зэргээр хөгжүүлсэн, эсхүл юуг ч нэвтрүүлэхгүй, юунд ч ганхахгүй хуяг дуулга шиг төрөлхийн бардам зантай байх. Эс тэгвээс, харьцуулж үзэж харчихаад, мэдсээр байж, яаж ийм амар тайван, бардам эрхэмсэг аймшгийн хотод амьдарч, эерэг энерги цацруулан алхаж явж чадаж байна аа. Эсхүл тэд сэтгэлдээ бугларсан бухимдлаа гадагшлуулахгүй барьж байгаад караоке дуулж сэтгэлээ онгойлгочихдог байх. (Архиар бол дийлэхгүйг би мэднэ.
Харин караоке дуулдаггүй учраас тэгж таанам.) Илүү дутуу гоншигнож, амьтны төлөө ад үзүүлээд яах юм гэж тэд боддог байх. Асар амиа хичээсэн, алдар нэрд дуртай хүмүүс байдаг байх. Өч төчнөөн хүн худалдаа наймаа, ажил төрлөөр хилийн дээс давж байна. Урт богино хугацаагаар хараар харьд ажилласан хүн захын гэр хорооллоос ч олдоно. Тийм атал, улаанбаатарчууд яаж ингэж малаасаа ч долоон доор орчинд амьдарч, доромжуулж чадаж байна аа. Эрүүл саруул ухаантай хүн энэ нийслэлд маань байна уу, байхгүй юу? Улаанбаатарын ганц гудамжийг, дурын хотынхоо гудамжтай харьцуулаад хар л даа…
Их л IQ-тэй хүмүүс гэсэн. Эсхүл IQ сайтай хүмүүс хотоо албаар толгой эргэм зохион байгуулж, дайн байлдааны талбар шиг, траншейгаа онгорхой орхиж сэрэмжээ дээшлүүлдэг юм болов уу. Тэгээд дайсны онгоц, эсхүл атомын бөмбөг унахад шууд шургаад орно гэж төлөвлөж явдаг юм болов уу? Эсхүл манайхан, бүгд өөрсдийгөө хаад, хатад гэж итгэчихсэн тул их эрхэмсэг амьдарч байна гэж төсөөлдөг юм уу: 70 гаруй жил коммунизм байгуулж байна гэж сэрүүн зүүдэлж явсан ард түмэн шүү дээ. Эсхүл эхэлж тэсвэр алдсан нэгнээ тавлаж, бахаа хангахаар тандаж сууцгаадаг юм болов уу:
До яамныхантай адилхан аргаар… Үнэхээр тамын тогоондоо нэг нэгнээ “тарчлаахаар” суугаад байгаа хэрэг үү? Эсхүл үнэхээр эртний нүүдэлчдийн хот суурин газрыг үзэн ядах үзэл мах цусанд нь шингээчихсэн тул хот суурин газрыг устгах үйл ажиллагааг цаагуураа хийдэг юм болов уу? Ёстой мэдэх юм алга. Харин манай улаанбаатарынхан саран дээр хүртэл гоёлын костюм, палаажтай, тэр тусмаа хүүхнүүд маань хамгийн өндөр өсгийтэй туфлитэй гунхан алхаж чадна гэдгийг бол би баттай мэднэ. Яг найман жилийн өмнө Англид арван жил болоод эх орондоо ирж байлаа.
“Англиас ирээд айлаа” гэдэг нийтлэл бичиж байв. (“Миний аав Бурхан биш” номондоо оруулсан). Бараг бүтэн жил соёлын шоокноос гараагүй. Бид ямар аймшигтай хотод амьдраад байна аа, үүнийг яагаад бусад монголчууд анзаардаггүй юм бэ? гэж олонтоо л өөрөөсөө асуусан. Адаг сүүлд нь дандаа сайн сайхан юм харж, эерэг энергитэй болох гэж зүтгэсний хүчинд, траншейний нүхэнд уналгүй, ахуйдаа аяндаа дасаж зохицоод амар сайхандаа жаргах гэж байтал, гадаадад ажлаар явсан билээ. Эргэж ирээд л өвчин ахиад сэдэрсэн. Энэ байдал хэд хэд давтагдсан.
Гэхдээ, богинохон хугацаагаар явдаг болохоор жаахан жаахан сэдэрч, ганц хоёр гадуур наргичихад даруй тайвширч эдгэрчихсэн мэт санагддаг байв. Гэтэл саяхан Кыргызстаны нийслэл Бишкек хотод долоо хонолоо. Архаг өвчин маань бүр болохоо больж байгааг Бишкект л мэдэрсэн л дээ. Монголд очоод архи уугаад ч нэмэргүйг тэгэхэд л ойлгосон: Яагаад гэвэл манай хөгжил (за хотын гэж хязгаарлая) хий эргэчихснийг тэнд би шууд ойлгосон.
Халтуур хийх гээд л хүнгүй хоосон давхиад байдаг такси шиг… Улаанбаатар хотыг зөвхөн мөнгө хийх газар гэж үзээд барилгын бизнест шууран орцгоосон бизнесмэн, улстөрчид маань (барилгачид биш мөртлөө шүү дээ!) нийслэлийн төлөвлөгөө, унаган төрхийг алдагдуулж, амьдрах орчныг сүйтгэчихжээ гэдгийг Бишкект хурц мэдэрсэн билээ. Яагаад гэвэл Бишкек, Улаанбаатар хоёр их төстэй. Ганцхан ялгаатай нь тэнд бүтээн байгуулалт зохион байгуулалттай, даруулгатай гэдэг юм уу, орчин үеэр хэлэх юм бол тогтвортой өрнөсөн ажээ.
Зүүн ази, Баруун Европын орнуудад очсоноос Кыргызэд очвол илүү их зүйлийг ойлгоно шүү. Хүний сэтгэлгээ харьцуулж байж юмыг ухаардаг зуршилтай болохоор адилхан шахам газраас их нарийн зүйлийг олж хардаг. Адилхан байх нь ч аргагүй. Хоёулаа л нүүдэлчин ард түмний удам угсаа, хоёулаа л социализмын замаар хөгжсөн. Миний гутралын гол шалтгаан нь энэ “адилханд” л байгаа юм. Хэрэв Япон юм уу, Франц явсан бол харь гаригт очоод амьд ирсэн огторгуйн нисгэгч шиг нийслэлийн гудамжаар цээж төвхгөр алхана даа.
Гэтэл Бишкек орсон хүн Улаанбаатартаа ирээд бүр сэтгэлээр унадаг юм байна, миний туршлагаас харахад: Нэг харахад танил байр байшингууд харагдана. Булан тойроод л гэр лүүгээ орчихмоор санагдана. Нүдэнд өргөсгүй харагдахаар нь сэтгэл цэлийгээд, “ямар нам яллаа, ямар буянтай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүнийг сонголоо, бид чинь” гэх мэтийг бодох гэтэл – энэ чинь гадаад улс шүү дээ! гэж санангуут сэтгэлээр унана.
Хот төлөвлөлтийнхнийг, барилгынхныг, бас газрын наймаачдыг, улстөрчдийг Бишкек рүү явуулж юм ойлгуулах юмсан… Хэрэв Улаанбаатарыг аврах оройтоогүй бол шүү дээ… Яагаад гэвэл Бишкект жинхэнэ суурьтай хөгжил байна. Бишкек шиг хөгжихөд 30 жил урагшаа явах ёстой юм уу, хойшоо ухрах ёстой юм уу бүү мэд… За үүнийг түр орхиод, (дахин давтах тул), Бишкект очиж үзээгүй хүмүүст Кыргызстан улсын нийслэлийн тухай цухас дурдая: Түрүүн хэлсэн, бараг адилхан гэж: агаар нь, хүмүүсийнх нь байгаа байдал, сэтгэлгээ, тулгарсан асуудлууд нь их бага хэмжээндээ л гэхээс манай бүх асуудал проблем тэнд байна.
Хэрэв Улаанбаатарт Богд уул байдаг бол тэнд Ала-Арча байна, хэрэв Улаанбаатарын гуанзанд бууз байдаг бол тэнд “манты” байна, хуушуур ч байна, плов нь ч байна. Манайд боорцог байдаг бол тэнд “боорсок” ч байна. Манайд Чингис хаан байдаг бол тэнд Манас баатар байна. Олон улсын нисэх буудал нь ижилхэн юм байна. Хэрэв манайд Лениний музей байсан бол тэнд ч бас байсан байна, бөөн асуудал болж байж 2016 оноос засвар хийж Үндэсний түүхийн музейн болгож байгаа юм байна. Хараахан нээгдээгүй ч үзэх боломж олдлоо.
Хэрэв манайд тамхи ширхэглэн зардаг бол тэнд бас тэгж байна. Хувийн таксинууд нь адилхан юм байна. Бүр картаар, чекээр үйлчилж байна. Хонины махаа идэж байна, хонины толгойгоор хүндтэй зочноо дайлж байна. Долоон үеэ мэдэхгүй кыргызийг ямар кыргыз гэдэг юм гэдэг болсноос хойш, Гагаринаас хойш долоон үеэ тоолсон кыргыз ч гарсан онигоо, яг л манайх шиг, байдаг аж… Сансарын тунел тэнд хэд хэд байж л байна.
Гэхдээ арай л аятайхан, арай л том, арай өргөн замтай юм байна. Замын түгжрэл аймаар гэж кыргызүүд ярих юм билээ, Улаанбаатарын хажууд бол ёстой хүүхдийн тоглоом. Тэнд байхдаа, ганцхан л удаа л машин сигнаалдахыг сонсоод бараг нүднээс нулимс гарав. Улаанбаатарт машины сигнаалаар өглөө сэрдэг хүнд оддын дундаас ижлээ үзсэн морь шиг сонин л санагддаг юм байна лээ. Дугуйн зам тавьсан боловч машинууд зогсчих юм гэж гомдолж байх юм.
Явган замаар дугуй унаж болдгийг тэд мэддэггүй бололтой. Тэдний явган зам гэж манай машины замтай адилхан – хэрэв өргөн биш л бол. Цалин багатай болохоор залуучууд нь бас гадагш гарахыг хүсдэг юм байна. Оросод ажил их хийдэг гэж таксины жолооч хэлсэн. Хуучин барилгуудынхаа нэг давхарыг үйлчилгээний газрууд болгожээ. Манайхаас ялгаатай нь дандаа жигд. Хуучин барилгуудаа бас шинэ барилгууд нь “дээрлэхдэг” гэнэ.
Гомдлон байж үзүүлсэн “үзмэр” нь, манай Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн хажууд бол ёстой өчүүхэн проблем. Улаанбаатарчууд бол “юун жаахан юманд гомдолдог юм вэ дээ!” гэж бодохоор юм байна лээ. Салаа замын буланд хуучны гурван давхар байшин нь байж л байх аж. Ар талд нь өндөр байшин бариад, нэг жигүүрийг хажуу талаас нь халхалчихаж л дээ. (Тавьсан зургийг үзвэл илүү ойлгомжтой байх байх.) Гэтэл манайд хотын төвдөө бараг ганцаараа үлдсэн сүмээ, “окопонд ортол нь” дээрлэхээд бүр хамгаалалтын бүсэд нь “хаусаа” барьчихсан байсныг нь бөөн юм болж болж сая л Нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгасан билээ. Өөр улс оронд бол маш энгийн энэ үйлдэл манайдаа бол бүр баатарлаг гавьяа, Чингис хааны одонгоор энгэрийг нь мялаамаар түүхэн үйл болсон доо.
Бас манай Байгалийн түүхийн музейн барилга байна. 1930 онд ашиглалтад орсон энэ барилгын ашиглалтын хугацаа 2013 онд дууссан гэж “дүгнэжээ”. Гэтэл Бишкект 1920-иод онд баригдсан кино театр холливудын кино үзүүлээд, гялалзаж байна. Засаж тордсон тэр үеийн барилгууд Бишкект зөндөө. Байгалийн түүхийн музейн захирал нь, байшин нураж уналаа гэж аргаа бараад олон нийтэд хандсан байна.
Нөгөө, соёлын өвийн хамгаалагч болж “шоуддог” сайд дарга нар нь хаа байна аа. Барилга нураж унахыг хүлээгээд, өөр тийш нь шилжүүлж, газрыг нь яаж авах уу л гэж тэд толгойгоо ажиллуулж суугаа нь гарцаагүй: Арчаагүй ард түмний улстөрчдийн толгой “ганц энэ сэдвээр” л ажиллана шүү дээ. За, Бишкекийн мод, зүлэг ногооны талаар догол мөрнөөс бичихгүй бол ёстой алдас болно. Биднийг бага байхад бид ой модонд л амьдардаг байлаа. Алим жимсийг сармагчин шиг дүүлж түүгээд хөгжилтэй байлаа. Харин одоо тайрч сүйтгээд, шинэ барилга байшин хамаа замбараагүй барьж байна хэмээн кыргыз андууд маань гомдлох юм билээ.
Халзан ламын толгой дээр халимаг яагаад ургаддаггүй вэ? гэдэг шиг “мөнхийн асуулт” асуумаар “халзан” Улаанбаатараас очсон мань мэтэд бол тэдний гомдлыг ухах ухааны бяр үнэхээр хүрэхгүй юм байна лээ. Хаа сайгүй л жигдхэн сайхан ургасан мод, янзалж тордсон зүлэг ногоо… Поошиг шиг бүдүүн бүдүүн, томск адуу шиг өндөр өндөр моднууд. Манайд адууны зүсийг андахгүй нэрлэж сурмаар санагддаг бол тэнд модны төрлийг мунгинахгүй хэлж сурмаар юм билээ.
Гудамжаар нь амралт сувиллын газар яваа аятай таатай тухтай алхаж явахад кыргыз нөхдийн гомдол илүү маяг мэт сонсогдож байлаа. Эд Монголд очвол би хаашаа харж үхнэ ээ гэж л бас бодож явав. Мод бол хот суурин газар зөвхөн цэвэр агаар, сүүдэр бэлэглэгч биш бас тогтвортой хөгжлийн индикатор заалт болдог юм байна. Тогтвортой хөгжил гэдэг чинь бүх талыг оролцуулж, оршин суугчдад нь илүү ашигтай, ая тухтай байхыг л хэлж байгаа юм байна.
Модгүй хотод суурин соёл тогтвортой хөгждөггүй бололтой. Кыргызүүд Оросоос салж тусгаар тогтносон гээд хуучин гудамж талбайгаа сүйтгэсэнгүй. Нэр хаягийг нь ч цөөхөн өөрчилсөн бололтой: Улица Энгельса, улица Горького, улица Московская гээд байж л байна. Хэрэв нэрийг нь өөрчилсөн бол заавал өмнөх нэрийг нь дурсана: Байтик Баатырийн гудамж уу, өмнө нь Советская байсан? гэх мэт… Тэгээд хойноос нь заавал ундууцана. Улстөрчид гудамжны нэр сольж толгой эргүүлээд гэцгээнэ. Энэ нь ч хотын соёлтой холбоотой. Түүхээ хадгалж байгаагийн нэг илэрхийлэл юм.
Гэтэл улаанбаатарынхан, худалч хүнд бараг улирал тутам хаягаа өөрчилнө: Хүүхдийн зуу, миний мэдэхийн нэг хэсэгтээ Нарангийн дэлгүүр байлаа, тэгээд Сөүлийн гудамж болсон уу, одоо харин шөнийн гудамж юм уу, гэрэлт гудамж болсон байх. Гэх мэт олон жишээ бий. Ялалт, Тэнгис гээд л… Хөдөөнийхнийгөө ад үзэхдээ л хотын соёл гэцгээв ч одоо хүртэл гудамжны нэр ашиглаж, хаяг хэрэглэж сураагүй билээ. Нэр солих бол ёстой хэнд ч падлийгүй асуудал. Хэрэглэдэггүй юм чинь… Байрны мөнгө банканд тушаахад л хаяг хэрэг болдог гэхэд хилсдэхгүй.
Банканд дүүрэг, хороо, байрны дугаарыг л хэлдэг. Гадаадаас гэрийн хаягаар шуудан авч үзсэн хүн Улаанбаатарт лав тоотойхон байгаа. Таксины жолоочид бол хороог хэлдэггүй. Гудамжны нэр бол бүр цаашаа. Гудамжгүй байранд байдаг аятай. Тиймээс манай улстөрчид харь улсад хотын гудамжны нэр зарч хэдэн төгрөг хийдэг: Турк, солонгос, хятадын гудамжнууд л Улаанбаатарт арай аятайхан нь; мэдээж гаднаас хөрөнгө оруулалт хийсэн, манай улстөрчид бас хуссан гэхдээ заримыг нь гудамжны тохижилтод бас зарцуулсаан зарцуулсан.
Үүнийг цаад нөхөд нь мэдэж байгаа. Тэдэнд одоохондоо тэдний хэлээрх гудамжны нэр л хэрэгтэй. Энэ бас соёлын довтолгоо. Үүнийхээ төлөө монголын бяцхан луйварчдыг “жаахан жаахан тэжээхэд” ямар гарз гарах биш. Тэртэй тэргүй, улаанбаатарынханд гудамжны нэр хэрэггүй. Хотжиж амжаагүй хүмүүс. Тэд ертөнцийн зүг чигийг “тархиндаа суурилуулсан луужингаараа” GPS-ээс ч илүү тодорхойлдог хүмүүс. Жинхэнэ нүүдэлчдийн удам. Харин хожим нь, хорин гучин жилийн дараа хөрөнгө оруулсан гудамж талбайгаасаа монголчуудыг хөөж, өөрсдийн бизнес сонирхлоо хамгаалахад болохгүй гэх газаргүй. 100 жилийн ойгоор нь юм уу.
(Чайна таун гэж дэлхийн том хотуудад байдаг шүү дээ.) Харин Бишкект миний зөгнөсөн тавилан тохиохгүй бололтой. Тэд жинхэнэ хотын соёлтонгууд шиг хаягаа ашигласан шиг ашиглаж байна. Бишкект таксины жолоочид зам заах манайхаас илүү амархан. Очих газрынхаа байшингийн өнгө, содон хачин тэмдэг, ойролцоох том барилга, байгууллагын нэрийг хэлэх шаардлагагүй. Гудамжны нэр, байрны тоог хэлэхэд л төвөггүй давхиад очно. Төлөх үнийн дүн нь жолоочийн гар утсан дээрээ суулгасан аппликэйшинээр гараад ирдэг юм байна.
Манайхан шиг гадаад хүнээс их авдаг гэж хүмүүс хэлсэн боловч оросоор багахан шиг яриад сууж байхад нэх өндөр үнэ хэлэхгүй байна лээ. Манайд төрөл арилжсан задгай мөнгөнүүд тэнд “амьд үлджээ”. Тэр нь үйлчилгээний гарын мөнгө болно. Товчхондоо, Бишкек бол Улаанбаатарыг 10 дахин сайжруулсан хувилбар ажээ. Улаанбаатар Бишкек шиг болоход 30 жил арагшаа ухрах ёстой юм уу, эсвэл 30 жил урагш давшлах учиртай юм уу? Сайн тодорхойлох бэрх л юм. Ямартаа ч хэрэв би Бишкек хотод амьдардагсан бол аз жаргалтай байх байлаа.
Манайхан ер нь ардчилсан нийгэм байгуулахдаа, анхнаасаа л хазгай мордчихсон ажээ. Үүнийг Бишкектэй Улаанбаатарыг харьцуулахад их тод харагдана. Дахин хэлэхэд: манай хөгжил хий эргэчихжээ! Наалдацтай юм алга. Бөөн хөрөнгө мөнгийг хий цацаад хаячихаж. Би л баяжиж байвал бусад хамаагүй гэсэн хүйтэн сэтгэлээр хандагчид дийлсэн юм байна. Харин бишкекчүүд тэднийг ялуулсангүй. Туулсан түүхийг нь харах юм бол тэгүүлэхээргүй ч ард түмэн юм байна. Газар тариалан хөгжсөн, эртнээс суурин иргэншилтэй танилцчихсан нүүдэлчдийн удам юм байна лээ.
Бид л ус үзээгүй байж, хормойгоо шуув гэхчээр жаахан амжилтадаа оцойчихоод, бүлт бүлт үсэрч дээгүүр нисээд байгаа болохоос биш, хэрэв газардаад бодит байдлаа сайн хараад, хятадын нэг үйлдвэрийн хотоос долоон дор болсон нийслэлээ үнэн сэтгэлээсээ өөд татах гэж оролдвол Бишкек шиг биш юмаа гэхэд ядах нь аа, ижил төрөл шахуу оросын сибирийн нэг жижиг хотын дайнд хүргэж чадах л байх.
Гэтэл, Азийн бар болгоно гэсэн (саяхан бас нэг дарга Сингапур шиг болгоно гэсэн), улстөрчдийн панаалд толгой нь эргээд түүх ч үгүй, соёл ч үгүй, согтуудаа барьсан гэлтэй, оршин суугчдаа илт доромжилсон “газрын наймаа, авилгалын амьд гэрч” өнөөгийн Улаанбаатарыг сүндэрлүүлжээ. Хэрэв Улаанбаатарын соц унаган төрхийг алдагдуулалгүй зөв зохистой, Бишкек шиг, хөгжүүлсэн бол, ядах нь аа, хээл хахууль ч бага, түрээсийн үнэ ч бага, тэр бүү хэл утаа ч бага байх байсан байж магадгүй юм. “Хашаатай айлуудаа” шинэ барилгуудтайгаа тун эвтэйхэн тэнд зохицолдуулжээ.
Үйлчилгээний газрууд нь цэлгэр том байхыг харахад түрээс ч бага байдаг бололтой. Хэрэв манай улстөрчид, үнэхээр ард түмнээ аятай тухтай байлгаж, Улаанбаатарыг хот шиг хот болгоё гэж зорьсон бол гэр хорооллыг “хаус хороолол” болгох үйл ажиллагааг аль өнгөрсөн зуунд бодлоготойгоор эхлүүлэх боломжтой байсан шүү дээ. Тийм ч саналыг ярьдаг байсан: Гэр хорооллынхон хашаа байшингаа цэгцлээд мод ногоо тариад эхэлж байтал муусайн улстөрчид гэр хороолол огт хэрэггүй, бүгдийг байшинд оруулна гэж хэлээд иргэдийн хамаг идэвхийг унтраасан гэж Гандантэгчэлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай ярьж байсан. Одоо батлагдаад байна. Аль болох хурдан мөнгө хийх гэсэн улстөрчид, бизнесмэнүүдэд гэр хорооллыг засаж янзлах огт ашиггүй, харин чанаргүй ч атугай хэдэн давхар байшин бариулчихвал хамаагүй дээр.
Иргэдийн бүтээлч сэтгэлгээ ёстой ашиггүй. Гэр хорооллыг хаус хороолол болгоно гэж сэтгэх чадваргүй болтол нь ард иргэдийнхээ бүтээлч сэтгэлгээг боомилох нь улстөрчдөд ашигтай “тэдний гарыг харах” байдлыг бий болгодог бололтой. Ийм янзаар нь байлгаад байвал “утаатай тэмцэх” нэрийдлээр гурав дөрвөн үеэрээ Америкт санаа зовохгүй амьдрах хөрөнгө хуримтлуулах бас шаанс улстөрчдөд байсаар байна.
Гэр хорооллыг устгаж, чөлөөлсөн газар дээр нь хямд барилга бариулж байгаагаа гэр хорооллын дахин төлөвлөлт гэж оновчгүй нэрлээд байгаа юм. Тэгээд ч хот суурин газрын соёлгүй, тун цөөхөн хүмүүс хоёр үе дараалаад байшинд төрж өссөн, ихэнх нь хар багаасаа модон жорлонд бөгсөө жаварт хайруулж үзсэн нөхөд юугаа ч мэдэж, хэлэх билээ. Паалан жорлонтой байхад л тэнгэрийн умдаг атгасан мэт санагддаг биз, хөөрхийс.
Хөдөөнийхөн чинь зэлүүд нутгаас давчуу газар хүрч ирээд давчдахаас гадна, бас, залуучууд нь, залуу хүн бүрийн л зан юм даа, бүр дурлах сэтгэлзүйн нэг онцлог байна. Тэдэнд гадаад орчин бараг хамаагүй. Хэрэв салхинд гармаар байвал нутаг руугаа нэг ухас хийчнэ гэсэн бодолтой байдаг хүмүүс. Хамгийн чанар муутай барилга ч гэсэн гэр хорооллоос хамаагүй дээр санагдах нь аргагүй. Хэдэн жилийн өмнө ТОСК-ийн шугамаар ирсэн хятадууд гэр хорооллыг үзчихээд хөх инээд нь хүрч “Та нарт гэр хорооллоос жаахан дээгүүр чанартай барилга л хэрэгтэй юм байна шүү дээ” гэхэд манай дарга нарын нар нь гарсныг яана.
Тэдэнд энэ л ашигтай. Үнэндээ бол “барилгачид” маань ч өөрсдийн гараар хотоо “сүйтгэж” байгаагаа ч мэдээгүй байх, зайлуул. Тэдэнд, бид бүгдтэй адил, хот суурин газрын талаарх зохистой ойлголт, соёл байсангүй. Хэрэв эртнээс суурьшсан, газар малтаж үзсэн дундад азийн нүүдэлчид шиг ядах нь аа байсан бол, одоо Бишкек шиг л байх байсан байх. Ямар сайндаа хэдэн жилийн өмнө, хөдөөнөөс гаралтай хотын мээр маань хотын замын гэрлүүдийг солих төслийг “шударгаар” хэд хэдэн хувийн компаниудад хувааж өгөхдөө, За та нар тэгээд адилхан адилхан гэрэл авчраад зоочихов доо. Ондоо, ондоо гэрэл авчраарай! гэж аминчлан захиж байх вэ дээ.
Бодвол, олон янзын гэрэл асаавал сонирхолтой гэж бодсон л байх даа. Гэтэл тийм биш байдаг юм байна. Олон зуун жилийн үүх түүхтэй дэлхийн том хотууд хүртэл нийтээр ашиглах замын гэрэл, автобусны зогсоолоо хүртэл шалгарсан нэг загвараар хийдэг ажээ. Энэ нь тухай хотын өнгө төрхтэй ч, бас зардал мөнгө хэмнэхтэй ч холбоотой ажээ. Манайхан шиг, шон босгосон компани нь аль хэдийн байхгүй болчихсон тул, ер нь байсан ч юм уу даа, нэг гэрэл шатвал тэр шонг тэр чигээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болдоггүй юм байна. Бишкек дэлхийн нийтийн жишгийг дагажээ.
Хааяа надад Лондонд байгаа мэт сэтгэгдэл ч төрж байсан шүү. Ер нь дэлхийн хотуудын зохион байгуулалтад нэг л логик байна. Хот байгуулахад шинэ юм юу ч алга. Нэг бодлын… Гэтэл манайхан “бүтээлчээр” сэтгэж шавааралдсан цементний цуглуулга, “төөрөлддөг байшин” барьцгаажээ. Өчигдөр би бичил хорооллоор явлаа, еэ бурхан минь, тэнд чинь юу бариад хаячихсан юм бэ? Таминь ээ… Ардын хувьсгалын өмнөх Нийслэл хүрээний зурагнаас ч дутах юм алга. Зураг аваад архивлачихвал 100 жилийн дараа үнэд орно доо. 34-ийг олох гэж ёстой толгой эргэв.
Хүүгийндээ ирээд хоёр, гурван сар болсон хөдөөний жинхэнэ анчин өвөөг хүргэж өгөх гээд төөрөв. “Төрөлхийн луужинтай” хүн хүртэл өглөө гарсан байраа олохгүй байна шүү дээ. Олон хүнд “бялуу хуваах” гэснээс ийм замбараагүй болсноо одоо бид хүлээн зөвшөөрөх ёстой. Үнэн байдлаа дүгнэхгүй бол, яагаад ийм болсон шалтгааныг шийдэхгүй бол хэчнээн сайхан концепц гаргаад яах юм бэ? Юуны чинь 379 жилийн түүхтэй хот вэ?
Хаа байна тэр 379 жилийн түүхтэй дурсгалт барилгууд чинь… Хэрэв гэр хорооллыг л 379 жилийн өмнө байсан гэж хэлдэггүй юм бол 379 жилийн настай эсгий гэр ч байхгүй байна шүү дээ. Юуны чинь “эсгий хотоос Азийн цагаан дагина болтлоо хөгжиж ирсэн” бэ? Нийслэл хотын засаг дарга маань Улаанбаатарынхаа хөгжлийг дутуу үнэлээд байна шүү дээ. Бид чинь аль хэдийн, Азийн цагаан дагина болчихоод одоо харин шинэ түвшинд гарч “Азийн халтар дагина” болчихсон явж байхад… Манай нийслэлийн засаг захиргаа бүр ажлаа мэдэхээ байгаад ард түмнээр хийлгэх гэж уралдаан ч зарлаж байх шиг… Үнэндээ бол өөрсдийн хүмүүст “хишиг” хүртээх гэсэн санаа шүү дээ.
За, за жаахан дүрдээ итгэчихлээ, миний буруу, миний буруу… Уучлаарай. Гэхдээ Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажилд миний саналыг бас харгалзаж үзээрэй. Сайдын, дэд сайдын, газрын даргын, магадгүй, Ерөнхий сайдын, Ерөнхийлөгчийн хувийг хүртээж хуваасаар байгаад, “алаг цоог” зам харгуй, барилга байшин, замын гэрэл, сандал суудалтай болжээ: Саяхан манай байшингийн хажууд 300 метр хүрэхгүй зам тавилаа. Оргүйгээс ортой нь гэхчээр баярлаж л байна.
Гэхдээ нэг үзүүр нь хатуу хучилттай, нөгөө үзүүр нь чулуун зам. Тун тохиромж муутай. Хоёр компани хоорондоо хэрэлдэж байгаад барьсан гэлтэй. Дутуу хутуу ихтэй. Бодвол, хоёр дарга “шударгаар” “хувь” хүртсэн бололтой. Зам тавьсан ажилчид нь, мэргэжлийн бус, түр хугацаагаар ажиллаж буй залуус голцуу харагдаж байна лээ. За энэ ч яах вэ, угаасаа л мэргэжлийн ажилчид хэнд ч хэрэггүй, мөнгө л олж байвал, хэнээр ч юуг ч хийлгэж болно гэсэн бодолтой сайд дарга нартай улс шүү дээ, бид. Үүгээрээ хятадын удирдагч Мао Зэдуний бодлогыг зөөлөн аргаар, бодитой хэрэгжүүлж, гайхагдаж байгаа улс даа…
Ганц ялгаатай нь, Хятад хэчнээн мэргэжлийн хүмүүсээ устгалаа ч хятад хятадаараа л байсан, харин бид дагуул болж чадвал их юм. Эс бөгөөс нэг дүүрэг л болох байх даа… За иймэрхүү замбараагүй сунжирсан бодол Бишкек, Улаанбаатар хоёрын хооронд тээсээр, энэ жил төрснийх нь 90 жилийн ой тохиож байгаа, их зохиолч Чингиз Айтматовын нутгаас эзэн Чингис хааны нутагтаа буцаж ирэв ээ. Хоёр цагийн зөрөөтэй, хол ч юм шиг ойр ч юм шиг үзэсгэлэнт Бишкект жимс ногооны улиралд нь очиж үзлээ. Монголд ургасан органик ногоо шиг, хачин сонин хэлбэр дүрстэй, биеийн пропорцитой, ширүүн харцтай эх орон нэгтэнгүүдээ бөөнөөр нь онгоцны буудалд хараад цочирдов: Бүгдийнх нь улаан нүүрэнд дээр бурхан алгадчихсан юм шиг гамбиран царайтай хүмүүсийг хараад нахиу хамраа даруй засуулахаар шийдэв.
Тэгж л нэмэр болохгүй юм гэхэд нэрмээс болохгүйхэн шиг улс үндэснийхээ өнгө төрхөнд хувь нэмэр оруулья. Уг нь би кыргыз, орос, кавказ, монгол, казак цус их холилдсон, олон хөлийн газар Бишкекээс ирж байгаа хүн шүү дээ. Гэтэл тэд маниусын хажууд хятад сонгино шиг бараг ижил хэлбэр дүрстэй, цэмцгэр амьтад шиг санагдав. Үүгээр би, үгүй ядаж, ганц ч болтугай үзүүлэлтээр бид илүү, манай ногоо арай органик гэж хэлэх гэсэн л юм л даа…
Нисэхийн автобусаар хотын төв ирж байхад ёстой шооконд орно гэдэг л боллоо. Манайхан чинь, монголчууд гаднаас эх орондоо ирэхдээ газраа үнсээд л бууцгаадаг гэцгээхдээ олон хүн эргээд онгоцондоо суугаад зугтахыг хүсдгийг ерөөсөө дурсдаггүй, сонин зантай. Арван жилийн дараа Монгол ирчихээд, гэрээсээ толгойгоо цухуйлгаж чадахгүй байсаар арав хоноод буцаад ниссэн түүхийг ч би мэднэ. Би урьд нь дандаа, таксигаар хотын төв рүү ордог байлаа. Арай л гайгүй байдаг байж. Харин Бишкекээс ирэхдээ нийтийн автобусанд суусан юм. Монголчуудаа хараад үнэхээр өрөвдлөө. Яасан ч их ядарсан юм бэ. Ямар ч их тэсвэртэй ард түмэн бэ гэж…
Бишкект байхад Монголд удаа дараа ирсэн кыргыз найз маань монголчууд шиг тэсвэртэй байх хэрэгтэй гэж хоёр гурван удаа хэлэхэд нь ерөөсөө ойлгоогүй явснаа автобусанд л ойлгов. (Гүндүүгүй гэдэг утгаар хэлжээ.) Ийм байдалд хүрсэн өөр ард түмэн бол төрийн эрх баригчдаа ёстой түйвээгээд л хаясан даа. Ямар алдах юм байх биш. Арчаагүй эрчүүдийг дурсах ч юм алга (өөрөө нэг нь учраас), харин охид бүсгүйчүүдээ хараад үнэхээр өрөвдлөө. Арчаагүй эрчүүд л эмэгтэйчүүдээ ийм аймаар “мөрөн голын шулам бүсгүй” шиг болгочихдог юм байна.
Дэрсний хатсан иш шиг, үс гэзэг нь сэгсийсэн, хааш яаш уруулаа будчихсан, хурц ширүүн харцтай, ажилд нухлагдсан, дутуу нойртой бүр нүднийх нь цагаанд цус хурчихсан охид бүсгүйчүүдийг хараад автобусанд бодлогоширов. (Гэхдээ, би мэдээж маникюр педикюрийн хөгжлийн түвшин болон цаг агаарыг харгалзаж үзсэн л дээ. Тэдний үсчид бол үнэхээр тасархай, эндээс цуг очсон монголчууд бүгд шахам үсээ засуулсан. Нэг эгч хүүхэнд бүр үсээ засуулж “гэв гэнэт залуужаад” бойфрэндтэй болж хамт буцаж ирсэн, үүгээр би бас юу хэлэх гээд байна гэхээр бид арай оригоороо гэдгийг л бас батлах гээд байна л даа.)
Уг нь би Бишкек яваагүй бол дандаа эерэг сайхныг олж хардаг чадвараа гээхгүй байхсан. Саваагүй нохой саранд хуцна гэхчээр, Зөвлөлт Холбоот Улсын үед хамгийн ногоон, цэвэр агаартай хот гэж өргөмжлөгддөг байсан хотыг (урьдын Фрунзе) Улаанбаатарын модгүйтээ зүйрлээд ч юугаа хийх билээ дээ. Тэгээд ч, дээр үеэс тэр зүгт, торгоны зам бараадсан хамгийн соёлтой нүүдэлчид амьдардаг байсан. Чингис хааны үед л монголчуудыг өмхий самхай, балиар заваан хувцастай, навтгар хамартай гэж доромжилж байсан найманчуудын бас удам юм байна лээ…
Одоо ч бас яг тийм л байна. Бид үсрэнгүй хөгжинө гэж үлгэр ярьсан улстөрчдийн аманд орж, газраа малтаж, байгалиа сүйтгэж, баахан өр ширэнд орж байхаас, үгүй ядаж, үүх түүхээ уншиж, эртний холбоотой соёлт ард түмэндээ гологдохооргүй л болчихмоор байгаа юм даа… Хотын соёлын хувьд шүү дээ…наад зах нь… Бид буддын шашинтай, тэд лалын шашинтай ч тэнгэр шүтлэгтэй нүүдэлчид болохоороо бие бие рүүгээ тэртэй тэргүй татагдана.
Бөө мөргөлөө авч үлдсэн нь монголчуудын давуу тал. Магадгүй эх хэлээ бид илүү мэддэг байх гэх мэтчилэн өөрийгөө тайтгаруулсаар, ямбий автобусны цонхоор шороо тоостой, халтар хултар байгууламж, хашаатай, машины сэг энэ тэнд хөглөрсөн, зэрлэг ургамал сэгсийсэн, үйлдвэрийн дүүргийг өнгөрч нэгдүгээр хороолол руу явж байлаа… Х.Эрдэмбилэг
www.mongolchuud.blogspot.com